30 насны босгон дээрх шинэхэн мөрөөдөл, зорилго минь
Би удахгүй 30 нас хүрэх гэж байна. Тэгээд бодлоо бас өөрийгөө сонсож үзлээ. Миний хамаг зүрх сэтгэлээсээ хийхийг хүсч, бодоход л зүрх минь түг түг гэж цохилж, эрч хүч, баяр баясал, бас итгэл, заавал биелээсэй, биелүүлэх юмсан гэсэн хүсэл оргилуулж буй тэр зүйл бол Европ тивээр үүргэвчтэй аялал хийх мөрөөдөл маань юм байна гэж ойлголоо. Энэ мөрөөдөл бол миний саяханаас бодох болсон зүйл юм л даа. 2015 оны 4 сарын 22-ны өдөр аялахаар Бээжин рүү Жагаатайгаа танилцаад хамтдаа явсан тэр аялалаас хойш би нэг шийдвэр гаргасан. Тэр бол миний цаашдын амьдралын бүхий л хэсэгт аялалтай холбоотой бяцхаан орон зай үргэлж багтаж байх болно гэсэн шийдвэр байсан юм. Яагаад гэвэл намайг энэ зүйл аз жаргалтай хүн болгодог учраас. Зөвхөн намайг ч биш, аялалаар явсан бүх хүмүүс аз жаргалтай болдог байх аа. Миний хувьд одоогоор олон орноор явсан туршлага, үзэж харсан зүйл маань дэндүү бага ч төлөвлөж буй аялалууд олон байна. Хамгийн гол төлөвлөж буй том аялал бол Европын орнуудын аялал байна. Үүнээсээ...