30 насны босгон дээрх шинэхэн мөрөөдөл, зорилго минь


Би удахгүй 30 нас хүрэх гэж байна. Тэгээд бодлоо бас өөрийгөө сонсож үзлээ. Миний хамаг зүрх сэтгэлээсээ хийхийг хүсч, бодоход л зүрх минь түг түг гэж цохилж, эрч хүч, баяр баясал, бас итгэл, заавал биелээсэй, биелүүлэх юмсан гэсэн хүсэл оргилуулж буй тэр зүйл бол Европ тивээр үүргэвчтэй аялал хийх мөрөөдөл маань юм байна гэж ойлголоо. Энэ мөрөөдөл бол миний саяханаас бодох болсон зүйл юм л даа. 2015 оны 4 сарын 22-ны өдөр аялахаар Бээжин рүү Жагаатайгаа танилцаад хамтдаа явсан тэр аялалаас хойш би нэг шийдвэр гаргасан. Тэр бол миний цаашдын амьдралын бүхий л хэсэгт аялалтай холбоотой бяцхаан орон зай үргэлж багтаж байх болно гэсэн шийдвэр байсан юм. Яагаад гэвэл намайг энэ зүйл аз жаргалтай хүн болгодог учраас. Зөвхөн намайг ч биш, аялалаар явсан бүх хүмүүс аз жаргалтай болдог байх аа. Миний хувьд одоогоор олон орноор явсан туршлага, үзэж харсан зүйл маань дэндүү бага ч төлөвлөж буй аялалууд олон байна. Хамгийн гол төлөвлөж буй том аялал бол Европын орнуудын аялал байна. Үүнээсээ өмнө буюу магистрын оюутан байх энэ хугацаандаа Камбож, Лаос, Филиппин, Индонез, Малайз, Мьянмар, Тайланд гэсэн улсуудад аялахыг зорьж байгаа юм. Магадгүй азийн энэ орнуудын аялал маань 2018 онд биелэлээ олох байх шүү :D. Мөн Европын орнуудаар аяласаныхаа дараа Энэтхэг, Америк, Австрали, Египт мэдээж Монголдоо оччихоод Орос гээд л аялахыг хүссэн орны жагсаалт дуусахааргүй их. Ямартаа ч бодож, судалж бас хөдөлмөрлөх хэрэгтэй. 
Мэдээж аялахын тулд хамгийн эхлээд бэлдэх ёстой зүйл бол санхүү болон тохиромжит хугацаа шүү дээ. 
Миний аялалын төлөвлөгөөний маш бүдүүлэг бөгөөд хар зураг одоогоор ийм байна. 

1. 2018 оны 1-2 сард 
Солонгос-Малайз 7 хоног-Лаос 7 хоног-Тайланд-7 хоног-Камбож 7 хоног-Солонгос

Солонгос-Малайз-Лаос онгоцны тийз: 200 000 вон 
Лаос-Тайланд автобус: 40 000 вон
Тайланд- Камбож автобус: 40 000 вон 
Камбож- Солонгос онгоцны тийз: 250 000 вон

Ойролцоогоор 30 хоног гэж үзвэл, 
Хостелийн нийтийн өрөө: 30*10 000=300 000 вон /энэ үнээс хямд ч тусч магад/ 
Өдрийн хоол, ундаа: 30*5 000=150 000 вон 
Улс доторх нийтийн тээвэр: 50 000 вон
Үзвэр, үйлчилгээ : 200 000 вон 
Бусад: 150 000 вон 

Нийт: 1 400 000 вон 

2. 2020 оны 8-10 сард 
Австри, Франц, Испани, Герман, Грек, Итали, Белги,  Исланд, Норвеги, Швецарь, Чех, Белги, Дани гэсэн Шингений визээр зорчих боломжтой 13 улсуудаар болон виз болон бусад асуудал дээр боломж гарвал Англи, Ирланд гэсэн улсуудаар аялахаар зорьж байна. 

Солонгосоос аялалын эхний улс руу нислэгийн тийз: 400 000 вон
15 улс хоорондын галт тэрэгний тасалбар, нислэг: 15*100 000=1 500 000 вон
16 улсад тус бүр 5 хоног, өдөрт 100 мянган вон: 15*5*100 000= 7 500 000 вон
Буцаж нисэх болон бусад зардал: 2 000 000 вон 

Нийт: 11 400 000 вон 

Нэг ийм хоёр аялалын хар зураг гарч байна даа. Аялал надад сургуулийн академик боловсролоос илүү, хэд дахин илүү зүйлийг өгнө гэдэгт би маш их итгэлтэй байна. Эдгээр аялалын дараах би хэн болж өөрчлөгдөхийг мэдэхгүй. Ямартаа ч би аз жаргалтай Золушка болох болно гэдэгтээ л маш их итгэл дүүрэн байна. Өөрийнхөө хөлс хүч, хөдөлмөр, цаг хугацаа, зүрх сэтгэлээ зориулсаны эцэст би зөв газраа хүрнэ гэж итгэж байна. Би энэ бүх зориулалтыг гаргахад бэлэн байна. Бүр баяртайгаар шүү. 

АЯЛАЛ БҮХНИЙ ТУЙЛЫН ЗОРИЛГО БОЛ АЗ ЖАРГАЛ
/Хектор аз жаргалын эрэлд, Франсуа Лелорд/





Comments

Popular posts from this blog

Миний амьдралын үнэт зүйл, зарчим

Сул талын давуу тал

Түүх яагаад бидний амьдралд чухал вэ?