Сул талын давуу тал

Бид бүгдээрээ төгс төгөлдөр биш.

Төгс төгөлдөр байх ёстой ч гэж бодохгүй байна.

Гэхдээ төгс төгөлдөр болох боломжгүй гэж бол бүр ч бодохгүй байна. 

Төгс төгөлдөр байна гэдэг тийм зүйлийг хэлнэ гэсэн тодорхойлолт хаана ч байхгүй. Хүн бүр өөрийн түвшинд төгс төгөлдөрийг ойлгож, дүгнэдэг байх л даа. 

Миний хувьд төгс төгөлдөр гэдэг цор ганц, давтагдашгүй байдал гэж ойлгодог. Өөрийн давуу болон сул талаа хүлээн зөвшөөрч, би хэнтэй ч адилхан байх албагүй бас боломжгүй гэдгийг ойлгох нь чухал санагддаг. 

Сүүлийн үед хүмүүс, хэдийгээр би өөртөө л таалагдахын тулд гэсэн багтайгаар гоо сайхны мэс засал руу хошуурч буй ч, яг үнэндээ нийгэмд, бусдад таалагдах хүсэлдээ уягдан хийж буй эмгэнэлтэй дүр зураг шиг надад санагддаг. Нийгэмд орших олонхийн сайхан гэдэг тодотголд нийцэх гэж өөрийн дахин давтагдашгүй гоо сайхныг үгүй хийж байна. /Сэдвээс жаахан хазайв/

Дахин давтагдашгүй байдал гэдэг нь зөвхөн гадаад үзэмжийн тухайд бус, дотоод өнгөтэй ч холбоотой. Бид нирваан дүрийг олчихоогүй л бол сайн, муу ааш араншин, хандлага, бодлыг агуулсан хэвээр л байх болно. 

Гэхдээ сүүлийн үед анзаарсан нэг зүйл бол, зарим хүмүүс давуу тал нь байсаар байтал түүнийгээ сул тал болгон харж чадах юм. Давуу талаа давуу талаар нь харж, ашиглаж чадна гэдэг бол байх л зүйл. Гэхдээ давуу талаа сул тал болгон харж огт болмооргүй санагдах. 

Харин сул талаа сул тал хэмээн хүлээн зөвшөөрөх нь зөв ч, сул талаа ч давуу тал болгон ашиглах боломжтойг бас мэдэх хэрэгтэй. 

Жишээлбэл, надаас заримдаа хүлцэнгүй зан авир гардаг. Хүлцэнгүй байдлыг сул тал болгон харвал, доожоогүй, өөрийгөө хамгаалж чаддаггүй, зориггүй гэдэг өнцгөөс харж болно. Харин давуу тал болгон харвал, хүлцэнгүй байдал надад амар амгалан, тайван байдлыг өгдөг. 

Хэрвээ хүлцэнгүй байдлыг муу гэж бодож байгаа бол хүлцэнгүй байдлыг эсрэгцэл нь юу вэ? Тэр нь тэгвэл сайн гэсэн үг үү? 

Гагцхүү хэзээ, хаана, юун дээр гэдгийг харгалзан хүлцэнгүй зан төлөвөө давуу тал болгон ашиглаж бас болж байна. :D 

Танд ч бас магадгүй өөрийн сул тал гэж боддог өгөгдлүүд бий л байх. Сул талынхаа зөвхөн сөрөг талыг нь бус эерэг талыг нь ч бас олж илрүүлээрэй.


ӨӨРТӨӨ АЗ ЖАРГАЛЫГ ЗӨВШӨӨР


Comments

Popular posts from this blog

Миний амьдралын үнэт зүйл, зарчим

Түүх яагаад бидний амьдралд чухал вэ?