Дүүдээ илгээх миний захидал
hamtdaa amtalsan amt ^^ |
Дүү маань ойрд юу хүсээд байгаагаа мэдэхгүй ч, амьдралдаа, өөрийн хэмнэлдээ шинэ зам, шинэ зүйлс нэмэхийг хүсч байгаагаа хэллээ. Ийм цаг үе зөвхөн түүнд маань биш, өөр олон хүмүүст, надад ч тохиолддог. Тэгээд юу гэж хэлж, юу гэж зөвлөх талаар бодлоо.
Эхлээд би чамдаа баяр хүргэмээр байна. Чи өөр зүйлийг, шинэ зүйлийг хүсч байна. Энэ юуны дохио вэ гэхээр, чи минь өөрийн хүсч байсан нэг мөрөөдөл, зорилго, хүслээ биелүүлсэний шинж шүү. Энэ юу болохыг чи ч, би ч мэдэж байгаа тийм үү.
Хэдийгээр хүссэн, зорьсондоо хүрсэн байгаа ч, тэр хэмнэлээр амьдрал хэсэг хугацаанд өрнөхөд бүх хүн, би ч, чи ч, өөр бусад бүх хүн тэр зүйлийнхээ сайн сайхныг олж харахаа, анзаарахаа байчихдаг юм. Тийм болохоор, тойрог дунд эргэлдэх тэр хэмнэлээсээ хэсэгхэн хугацаанд гарч үзэх хэрэгтэй. Хамгийн сайхан арга зам бол аялал.
Аялал надад, надад хичнээн их зүйл байгааг, тэр зүйлс хамгийн чухал, үнэ цэнэтэй зүйлс болохыг ойлгуулж, мөн амьдрал хичнээн үзэсгэлэнтэй болохыг мэдрүүлж, урам зориг, итгэл, шинэ шинэ санаа, хүсэл мөрөөдлийг өгдөг.
Аялал бол намайг нэг тойргоосоо гарахад тусладаг миний мэдэх хамгийн зөв бас сайхан арга зам байдаг. Энэ чамд үйлчлэх эсэхийг сайн мэдэхгүй юм. Гэхдээ би чамд санал болгож байна.
(Хэрвээ аялах боломж, нөхцөл бүрдэхгүй бол сайн ном уншаарай. Сайн номноос олон асуултын хариулт гарч ирдэг.)
Магадгүй чамд гаргаж хэлэхгүй л байгаа болохоос хүсч, мөрөөдөж байгаа зүйл бий гэж бодож байна. Одооноос түүнийгээ ил гарга. Хэн юу гэх бол гэж санаа зовох хэрэггүй. Хүсч, мөрөөдөж буй зүйлээ хэнд ч хэлэхгүй бол хэн ч чиний хүсэл мөрөөдлийг мэдэхгүй учраас чамд юу хэрэгтэй байгааг, чамд яаж туслахаа мэдэхгүй шүү дээ.
Хүсэл мөрөөдөл чинь хичнээн хол санагдаж болох ч, алхам алхамаар түүн рүүгээ ойрт. Өөртөө итгэ бас хөдөлмөрлө.
Хүнийг аз жаргалгүй болгодог нэг зүйл нь харьцуулалт. Харьцуулалт, шүүмжлэл гэдэг зүйлс нь хэнд ч хэрэггүй, ямар ч сайн үр өгөөжгүй зүйл. Хүн бүрийн царай төрх, бие галбир, туулсан амьдрал, үзэж харсан, уншсан, мэдсэн, мэдэрсэн зүйлс өөр. Хэнийх нь ч дээр биш, доор биш. Зүгээр л ӨӨР гэдгийг мэдэх хэрэгтэй. Магадгүй өнөөдөр чиний цаг биш юм шиг байвч чиний цаг ирэх үе бас бий. Тэр цагийг чи өөрөө л ухаалаг байж бий болгоно.
Хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулж амжилтгүй гэж мэдрэх, хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулж амжилттай гэж мэдрэх нь эрүүл бус сэтгэлгээ гэж хэлмээр байна. Чи өнөөдрийн өөрийгөө өчигдөрийн өөртэйгөө л харьцуулж болно. Өөр хэн нэгэнтэй биш.
Гэр бүл, эрүүл мэнд, хайр, хүсэл мөрөөдөл, ажил хөдөлмөр, нөхөрлөл. Амьдралын эдгээр чухал хэсгүүдийг хэрхэн эрэмбэлж, хэр тэнцвэртэй авч явж буй эсэхээ дүгнэн харж, цааш өөдрөг, урам зоригтойгоор алхаарай дүү минь.
Хайртай чамдаа,
Эгч Золзаяагаас нь
2018-11-07
This comment has been removed by the author.
ReplyDelete