№02 Бээжин рүү аяласан аялалын тэмдэглэл

Бээжин рүү 7 хоног аялсанаар миний амьдралын талаарх бодол, зорилго минь их өөрчлөгдсөн. Сургууль, ажил, гэр гэсэн маршруттай миний амьдралын 27 жилийн дараа Тайланд руу аялахаар цуглуулсан мөнгө маань өөр зүйлд зарцуулагдаж хангалтгүй болсон тул ядаж Бээжин явъя, Цагаан хэрэм үзье гэсэн маршрутаар солигдсон ч энэ аялал намайг ингэж өөрчлөнө гэж би яаж мэдэх билээ.

Сүртэй юм, хэдхэн хоног тэгээд ойрхон Бээжин рүү явж ирчихээд гэж та бодож болох юм. Гэвч хүн аливаа зүйлийг ойлгож ухаарахад, мэдрэхэд хол ойр, ямар хугацаатай байх зэрэг нь заримдаа тийм ч хамаатай биш байж болохыг та нэг бодож үзнэ биз. 

3 жилийн өмнө би Хайнан руу хуучин ажлынхантайгаа 7 хоног аялж байсан бөгөөд онгоцоор нисээд л, тансаг зочид буудалд байрлаад л, тансаг ресторанд хоол идээд л, бүх зүйл маань бэлэн бөгөөд надаас нэг ч төгрөг гараагүй хэдий ч энэ удаагийн аялал шиг сэтгэлийг минь догдлуулж, намайг аз жаргалтай болгож чадаагүй юм.

Энэ удаагийн миний аялалын төсөв Бээжин хүрэх галт тэрэгний билетийн үнэ болох 151600 төгрөгөөс гадна 2600 юан (1юан=318 төг) байсан юм. Тансаглал биш аялах зорилготой хүний хувьд энэ төсөв Бээжинд өнгөрүүлэх 5 өдөр, замд зарцуулах 2 өдрийн хувьд хангалттай төсөв санагдсан.

Бээжинд танилцсан нэгэн гайхалтай найз минь намайг "ядаж Бээжин явж үзье" гэж бодсон хэмээн ярихад ", "Манай Монголчууд ядаж гэж боддог, гэтэл Европчууд, Америкчуудын хувьд Хятадад, Бээжинд ирнэ гэдэг мөрөөдөл нь байдаг" гэж хэлж билээ.
Хэрвээ та Бээжин рүү аялахаар бодож байгаа бол, над шиг "ядаж" гэж битгий бодоорой. Яагаад гэвэл үзэж харах зүйл, ойлгож ухаарах, сурч мэдэх зүйл хангалттай их бий шүү. 

Сонирхолтой байж магадгүй гэж бодоод, 5 өдрийг хэрхэн өнгөрүүлсэн талаарх товчхон тэмдэглэл үлдээе.

I өдөр: Найзынхаа зөвлөснөөр, Бээжингийн төвд байрлах жижиг буудалд байрлаад, өдрийн хоолоо идэж, усанд орчихоод, орой болсон ч гэсэн нэг ч гэсэн өдрийг хоосон өнгөрүүлмээргүй санагдаад "Шувууны үүр", "Water cube" гэх хоёр байгууламжийг сонирхсон  юм. Биднийг очиход орой байсан бөгөөд өдөр очсоноос илүү сайхан харагддаг юм байна лээ. Бодит байдлаасаа илүү гэрэл нь ассан үедээ зурган дээр гоё гардаг юм байна лээ.


II өдөр: 798 street гэх хуучин үйлдвэрүүд байрлаж байсан боловч агаарын бохирдлын улмаас хаагдсан том, том олон тооны барилгуудыг аялал жуулчлалын зорилгоор арт стрийт байдлаар өөрчлөн худалдаа, үзвэр, үйлчилгээний зориулалтаар ашиглах болсон Бээжингийн хэсэг рүү явсан юм. Мөн дунд сургуулийн хүүхдүүдийн тоглосон "Beauty and Beast" англи хэл дээрх мюзиклийг шинэхэн танилцсан Украйн, Солонгос, Тайван, Монгол найзуудтайгаа хамт үзсэн. Хэдийгээр дунд сургуулийн хүүхдүүд тоглосон ч гэсэн хичнээн үзүүштэй, сайхан үзвэр байсан гээч. Үнэхээр мундаг байсан шүү. Мюзиклээ үзчихээд буудал руугаа харих замдаа хэдийгээр илүү мөнгө нэхүүлж өгсөн ч гэсэн, хүн дугуйгаар Бээжингийн төв замаар салхи татуулан явах нь бас л сайхан байсан.

III өдөр: Буудлаа солих, зарим нэг ойр зүйлийг асуудлыг шийдээд үдээс хойш ганцаараа гарч алдарт Тьянминий талбай, Хориотой хот, түүний ард байрлах цэцэрлэгт хүрээлэн (Бээжин хотын төв цэг)-д очиж үзсэн. Маш их алхсан бас их ядарсан шүү. Харин орой нь 2 найзтайгаа буудлынхаа гадаа жоохон ярьж сууж байгаад, амарсан.


IV өдөр: Энэ өдрийг гол маршрут хүсэн хүлээсэн "Цагаан хэрэм" байлаа. Метро, автобус, хөлсний жижиг тэрэг, shutter bus гэх зэргээр нилээд удаан явсны эцэст хүрч очоод, 10 дахь зорчих хэсгээр орон "Цагаан хэрэм" өөд алхлаа. Хүн төрөлхтний бүтээсэн 7 гайхамшгийн нэг, сансараас харагддаг ганцхан бүтээн байгуулалт болон "Цагаан хэрэм"-ийг үзсэн сэтгэгдэл гайхалтай байлаа.  Энэ аялалд бид бүтэн өдрийг зарцуулсан бөгөөд бид 3 хамгийн дээд хэсэгт нь хүртэл явсан юм. Бидний буухад бороо орж, бид тэнд үлдсэн бараг сүүлчийн хүмүүс байсан байх. Тэнгэрт цахилгаан цахилж, бороо орж, харанхуй нөмрөөд л, аймар ч юм шиг санагдаж билээ. Гэхдээ буухад өгсөхөөс хамаагүй бага цаг зарцуулсан шүү.
Буцаж ирээд, жоохон амарсны дараа Хуан жу гэг киноны зураг авалт хийгдэж байсан гэх буудлаас ойролцоох газарт бас энэ өдөр очсон юм. Дараа нь буудлынхаа лаунжид найзуудтайгаа сууж ярилцаж байгаад амарлаа.

V өдөр: Дэлхийн парк буюу алдартай газрууд, бүтээн байгуулалтуудын жижиг хувилбаруудыг урласан газар луу ганцаараа явлаа. Их хол газар байсан. Ганцаараа явсан болоод ч тэр үү жоохон уйтгартай бас их ядарсан ч гэсэн үзнэ гэж төлөвлөсөн зүйлээ үзэж чадсандаа баяртай байсан юм. Хамгийн таалагдсан зүйл нь Нигерийн хүрхрээ байсан юм. Яг л байгальд нь очсон юм шиг их усны хүржигнэх дуу ямар сүртэй бас сайхан байсан гээч.
Энэ орой 2 найзтайгаа сүүлийн оройг тэмдэглэхээр шоуны гудамж руу явахаар төлөвлөж байсан боловч яагаад ч юм явахаа больсон. Гэхдээ сүүлчийн оройг бид гитарын дуутай, жимсэн тамхитай, пивотай, хамгийн гол нь сайхан, хөгжилтэй яриатайгаар өнгөрүүлсэн юм. Сүүлд нь таагүй зүйл болсон бөгөөд үүнийг нууцлаад үлдээе хэхэ. Тэр буудлын лаунжийн ажилтан нь "та нар гайхалтай монголчууд юм аа" гэж хэлсэн шүү хэхэ. Тиймээ бид цагийг үнэхээр сайхан өнгөрүүлсэн.


Энэ аялалын бүх л зүйл үнэхээр гайхалтай  сайхан байсан юм. Тэр тусмаа аялалын хугацаанд надтай уулзсан, тааралдсан, танилцсан шинэ найзууд маань хамгийн онцгой нь байсан. Хэдийгээр гайхалтай сайхан шинэ зүйлсийг үзэж харах нь сайхан ч, сэтгэгдэлээ хуваалцах хүнтэй байна гэдэг ямар сайхан гээч.

Онгоцоор биш вагоноор явсан нь хүртэл надад сайхан байсан. Учир нь вагоны цонхоор өнгөрөх газар нутаг, байгаль, хүмүүсийн аж амьдралыг харах надад их сонирхолтой байсан. Хэдийгээр аймшигтай үнэртэй байсан ч гэсэн унтлагын автобусаар Бээжингээс Эрээн хүртэл явах нь ч асуудал биш байсан. Энэ ч гэсэн миний хувьд шинэ туршлага болсон. 

Энэ аялалын дараа би ...

Ихэнхи  хүмүүс тансаг байшинд амьдарч, үнэтэй машин унаж, том компанид чухал албан тушаал хашиж амьдрахын төлөө бүхий л амьдралаа зориулдаг юм шиг. Би ч өмнө нь ийм л зүйлийн төлөө ажиллаж, амьдарч ирсэн бөгөөд, бүтэлгүйтэх бүртээ урам хугарч, ер нь бол хэзээ ч ийм амар амгалан, тайван, бас аз жаргалтай байж үзээгүй санагдаж байна. Хэдэн төгрөг юунд зарцууллаа гэж тооцоолоод л. Энэ бүхэн зөв зүйл биш ээ.

Миний энэ аялалыг мөнгөөр хэмжих боломжгүй.

Хүнийг мөнгө аз жаргалтай болгодоггүй, хүмүүст харуулахын төлөө амьдрах биш, гагцхүү амьдралын цаг мөч бүрийг мэдэрч, аз жаргалтай байх нь их чухал юм байна.

Хэсэг хугацааны дараа, өөр туршлагыг олж авсныхаа дараа миний бодол хэрхэн өөрчлөгдөхийг би мэдэхгүй. Ямартаа ч цаашид хэрхэн амьдрах талаар миний зорилго их өөр болсон. Энэ зүйл намайг аз жаргалтай болгож байна.

Та ч гэсэн шинэ туршлагын олж авч, амьдралынхаа нэг тойргоос гарч арай өөр зүйлийг мэдрээд үзээрэй.

Аялалын турш үзэж харсан зүйл, сурч мэдсэн зүйл, уулзаж танилцсан хүмүүс бүгд их гайхалтай байсан шүү.

Хятадууд гээд л манай Монголчууд их дургүй байдаг. Гэхдээ худалдаа наймаа хийдэг Хятадуудын хүрээгээр л манай Монголчууд тэдгээр хүмүүсийг дүгнэчихээд байдаг юм шиг. Надад Хятад хүмүүс их олуулаа, их найрсаг, бас сайхан сэтгэлтэй санагдсан шүү. PeaCE :)

Миний дараагийн маршрут Тайланд эсвэл Турк байх болно. Магадгүй Америк ч байж магадгүй юм. Тэсэн ядан хүлээж байна. 

Comments

Popular posts from this blog

Миний амьдралын үнэт зүйл, зарчим

Сул талын давуу тал

Түүх яагаад бидний амьдралд чухал вэ?