Миний ажлын гараа, амжилтын түүх

(Ene bichwer nileed deeriinh l dee, ter ued dutuu dulimag bodoj baisan baij boloh ch, onoodor bi arai oor zuiliig bodoh bolson ch ter uedee minii bodoj hamgiin sainaaraa hiij bsn zuil maani ym. Ter ued ooriigoo sorij uzmeer sanagdaad ene uraldaand orj bj bilee ajliin hamt olon tanidag humuus maani unshaad yu gh bol gsn sanaa zovolt bsn ch gsn zoriglood l orj bsn. Ter ued ajillaj bsn companiin zahiral hamt olon maani bugd l unshsan bj bilee :P ) 

Би жирийн нэгэн амьдралтай, энгийн нэгэн бүсгүй. Бусдын адил цэцэрлэг, дунд сургууль, их сургуулийн боловсролыг эх орондоо эзэмшсэн. Би өөрийгөө бусдаас илүү, мундаг гэж магтахгүй ээ. Өөрийгөө голох, тэр үед тэгчихгүй яасан юм бол гэх зэргээр харамсах үеүүд бишгүй дээ л бий. Гэхдээ “Өнгөрсөнөө бүү үгүйсгэ. Гайхалтай сайхан байгаагүй байж болох ч тэр таныг бүтээн бий болгосон.” гэдэг үгтэй би санал нийлдэг юм. Иймээс өнөөдөр амьдрах зарчмыг баримтлан амьдарч, өнөөдөр л хайртай хүмүүстээ анхаарал тавьж, өнөөдөр л үр бүтээлтэй ажиллаж, өнөөдөр л өөрийгөө хөгжүүлж, өнөөдөр л эрүүл мэнддээ анхаарч, өнөөдөр л мөнгө санхүүгээ зохицуулах гэх зэргээр хөврөх олон зүйлсийг биелүүлэхийг хичээн байна. 

Аав минь багш мэргэжилтэй хүн бөгөөд 2 нийгэм /социалист, ардчилсан/ -ийн заагт нутагтаа сумын сургуулийн захирал, засаг дарга зэрэг нэр хүндтэй албыг хашиж байсан бөгөөд шударга, сайхан сэтгэлтэй хүн. Амжилттай, сайхан явахын хирээр хүмүүс тойрон хүрээлж, архи өгч, ашиглахыг урьтал болгодог байснаас аав минь алдсан. Бусад руу алдааг нь түлхэж байгаа юм бишээ, мэдээж тэр бүгд аавын минь сонголт байсан. 

   Гэхдээ түүний охин нь болж төрсөн би, аавынхаа нэр төрийг өндөрт өргөж, үйл хэргийг нь үргэлжлүүлнэ, нутаг орноо хөгжүүлнэ гэсэн гэгээхэн хүсэлтэйгээр "Төрийн захиргааны удирдлага“ мэргэжлийг эзэмшсэн юм.  Сургуулиа төгсөөд, төрийн албанд орохоор шалгалт өгөх хэрэгтэй боллоо. Шалгалт болохыг хүлээгээд л, хүлээгээд л. Гэвч ажлын туршлагагүй, дөнгөж төгссөн надад шалгалт өгөх боломж байхгүй байсан юм.  Ялангуяа над мэтийн “Төрийн захиргааны удирдлага” мэргэжлээр төгссөн хүнд боломж үгүйг ойлгосон юм. Энэ нь хөдөлмөрийн зах зээл болон боловсролын байгууллагын уялдаагүй тогтолцооноос үүдсэн гажуудал байсан юм. 

   Авилгал, танил тал гэдэг зүйл олон мундаг залуучуудын замд саад болдогийг, болж байсныг би мэднэ. Иймээс би өөрөө тэдний нэг болохыг хүсээгүй учраас, өөрийнхөө шударга хөдөлмөрийн үр дүнд сайхан амьдралыг бий болгоно гэж өөртөө амласан юм. 

Ингээд ажлын туршлага хуримтлуулъя гэж шийдээд, шинээр байгуулагдаж байсан төрийн бус байгууллагад бичиг хэргийн ажилтнаар орж ажлын гараагаа эхэлсэн дээ. Даанч үйл ажиллагаа нь суларч зогссоны улмаас би ажилгүй боллоо. 
Гэтэл намайг ажилгүй болсоны сонссон хамаатны эгч маань надад шинээр ажилд орж байгаа вэб сайтад ажиллахыг санал болголоо. 
Сураг сонсох нь ээ, УИХ-ын санаачлагаар ажиллуулахаар болсон орон нутгийн сайт, тэр тусмаа нутгийн минь вэб сайт байсан юм. Би ч ингээд нутаг оронтойгоо холбоотой хөдөлмөр эрхлэх боломж гарлаа хэмээн олзуурхаж, миний нууцхан хүсэл, зорилготой минь холбогдох нь гэж баярлаж байв.  
Энэ хамт олонтой өнгөрүүлсэн 2 жилийн хугацаанд юу эс тохиолдох вэ дээ. Урамших, баярлах өдөр байхад, гутрах, сэтгэлээр унах үеүүд ч байсан. Ололттой, дэвшилттэй талууд байсан ч гэсэн зэрэгцээд зогсонги бөгөөд тодорхойгүй байдлууд ч үргэлжилсэн. 
Вэб сайтад орсон ажил маань явж явж УИХ-ын гишүүний ажлын албаны ажилтан болж дууссан юм. 2012 оны УИХ-ын сонгууль болж дуусаад, намар нь ажлаа цэгцлээд хүлээлгэж өгсөн дөө. Ер нь бол гэрээт ажил дуусч, дахиад л ажилгүй боллоо. Яг үнэндээ нэг ажлын ард гарлаа гэж өөрийгөө тайвшруулсан боловч сэтгэгдэл маань тийм ч сайхан байгаагүй юм. 

   Энэ бүхний дараа нэг амсхийж, өнгөрсөнөө эргэн харж, цаашид хэрхэх тухайгаа өөрөөсөө асуулаа.  Дөнгөж төгссөн, ажил хийж үзээгүй байсныг бодвол 3 жилийн хугацаанд багагүй зүйлийг сурч, ажлын туршлага хуримтлуулсан байв. Мэдээж 3 жил гэдэг тийм ч урт хугацаа биш, гэхдээ залуу хүн миний хувьд бол багагүй туршлага болж үлдсэн он жилүүд байсан. 

 Нэгэн таниласаа biznetwork.mn гэдэг сайт байдаг талаар сонсож байсан юм. Томоохон бизнесийн компаниуд ажлын зараа нийтлүүлдэг, түүнээс гадна олон боломжууд, хэрэгтэй мэдээллүүд байдаг юм гэж хэлж байсныг санаад, орж үзсэн юм. Ингээд л biznetwork.mn сайтын ажлын заруудыг харж байгаад, одоогийн ажиллаж байгаа компанидаа хандаж байсан юм. 
Ажилд орж байсан тэр үеийн сэтгэгдэл бас их тодхон санагдаж байна. Анкетаа бөглөөд, шууд л Ерөнхий захиралтай ярилцлагад орохоор боллоо. Ярилцлага ч дуусч, захирал надад нэрийн хуудсаа өгсөн. Яагаад ч юм би энэ ажилд орохыг маш их хүсч, ажилд орчихсон байна гэж бүр зүүдэлж байлаа. Хэрвээ би энэ ажилд орчихвол гэж төсөөлөөд л. Хамаг хүч, бололцоогоо дайчилж ажиллана даа гэж бодоод л. Хариу өгнө гэсэн сураггүй. Тэгээд, их л догдлон байж, өгсөн нэрийн хуудас дээрх утасны дугаараар 9 цаг дөнгөж өнгөрч байхад залгаж байснаа санаж байна. Гэтэл “Ах нь ажил дээрээ очоогүй байна аа. Гэхдээ чи хүрээд ирээрэй” гэлээ. Ингээд л ажилдаа орж байсан юм. 

   Ажилдаа орчихоод ... Найзууддаа ингэж хэлж байснаа бас санаж байна. “Найз нь энэ удаад илүү их сайн хичээж ажиллана” гэж. Тэгээд энэ ажилд орсон маань миний CV бусдаас мундаг сайн байсных биш, зөвхөн энэ ажилд үнэхээр орох хүсэлтэй байгааг маань захирал намайг утсаар эргэж ярихад мэдсэн байхаа гэж таамаглан хэлж байсан юм. 

   Миний мэдрэмж буруу байгаагүй. Энэ миний байх ёстой газар мөн байсан. Би илүү сайхан зүйлүүдийг, сайн зүйлүүдийг, зөв зүйлүүдийг санаачлан хийж үр бүтээлтэй, сайн ажиллахыг зорин, цаг мөч бүрийг үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээн ажиллаж байгаа. 

Надад мэдэхгүй, чадахгүй зүйлүүд их олон байгаа. Гэхдээ би өөрийгөө “чадна” гэдэгт итгэж байна. Өмнө нь надад байгаагүй олон зүйлүүдийг би өөртөө бий болгож чадаж байгаа. Энэ миний амжилт гэж би дүгнэж байна. Мэдээж надад цаашид хийхээр төлөвлөсөн, зорьсон зүйлүүд төдийгүй дээр бичсэнчлэн миний нууцхан хүсэл минь миний дотор байсаар л байгаа. Амьдарлын минь зам намайг хаана хүргэхийг би одоо хэлж мэдэхгүй ч, бүх зүйл сайн сайхан байна гэдэгт би итгэж байна.  
 
Энэ бүхэн миний ажлын гараа, өнөөдрийн хүртэлх гаргасан амжилтын түүх минь юм.

http://biznetwork.mn/essay/119

Comments

Popular posts from this blog

Миний амьдралын үнэт зүйл, зарчим

Сул талын давуу тал

Түүх яагаад бидний амьдралд чухал вэ?