№4 Вьетнам руу аяласан тэмдэглэл
Аялах нөхцөл бүрдсэн нь:
Хэлний бэлтгэлийн 4р түвшний сургалтаа дуусгаад 1 сар хүрэхгүй хугацааны амралт надад байсан. Амралтаараа Вьетнам руу аялаад буцаж ирээд хэд хоног ажиллаад хичээлдээ орно доо гэж төлөвлөж байтал Амеркаас найз маань аав ээждээ очмоор санагдтал сэтгэл догдлуулсан бичлэгийг хийснийг үзээд, гүй ээ би чинь хэзээ ч аялж, зорьсон зүйлээ хийж болно шүү дээ, аав ээждээ очих минь гэж нэг талдаа хүсч, нөгөө талдаа Вьетнам руу аялна гэж бодох болсоноос хойш жилийн дараа яг явахынхаа өмнө зорьсон зүйлээ орхигүй, заавал хийх ёстой, бас аялмаар байгаа хүсэл 2 маань намайг 2 тал болгон хувааж орхисон. Би гэдэг хүн бодож бодож, хоёулаа миний хувьд харьцуулахааргүй чухал зүйлс байхад гэж бодоод хоёуланг нь гүйцэлдүүлнэ гээд зүтгэсэн дээ. Санхүү болон цаг хугацааны асуудал яригдана л даа. Гэхдээ судлаад үзсэн чинь Сөүлээс Монгол, Монголоос Сөүл рүү нисэх зардал Сөүлээс Ханой, Ханой-Нанинг, Хятад, Нанинг-Бээжин, Бээжин-Эрээн, Эрээн-УБ, УБ-Сөүл гэсэн замын зардал хоёр яг л ижил тусч байлаа. Ингээд л би гэдэг хүн Вьетнам руу аялаад, бас Хятадын өөр нэг хотыг үзээд, цаашаа дахин Бээжин орж, өмнө очиж байсан миний аялалд дуртай болсон тэр үеийн дурсамж руугаа эргэн очих бүр ч догь төлөвлөгөөтэй болж, биелүүлэхийн тулд маш шургуу ажиллаж мөнгөө цуглуулаад явах нөхцлөө бүрдүүлсэн дээ. Энүүхэндээ гэхэд, сургалтын төлбөр хэрэглээний зардлаас гадна аялах зардал олохоор хичээлийн хажуугаар ажиллана гэдэг амар даваа биш. Гэсэн ч хийхийг хүссэн зүйл, зорилго бас төлөвлөгөө байхад болдог л юм байна лээ.
Аялалын хөтөлбөр:
Вьетнамд 5 хоног (Халонг бэйд 1, Катба аралд 1, Ханойд 2, болон запас 1 хоног) аялахаар төлөвлөж, цаашаа Хятадын Наннинг (2 хоног), Бээжинг (1хоног), Эрээн хот, Замын үүд гээд Монгол руугаа орохоор төлөвлөж, ойролцоогоор замд зарцуулах цагийг хоёроос гурван өдөр байхаар төлөвлөсөн байсан бөгөөд Ханойд нэг хоног илүү байснаас бусдаар их сайн төлөвлөсөн байлаа. Би 2017.02.20-2017.03.03 хугацаанд богинохон ч гэсэн амттай, дурсамжтай аялалаа хийж чадсан.
Хэрхэн явж яаж аяласан тухай бичвэл замбараагүй бөгөөд тийм ч чухал биш мэт санагдаж байна энэ удаад. Хэрвээ та Вьетнам руу аялахаар явж байгаа бол 7 хоноход зөвхөн Вьетнамд зарцуулах төсөвтөө 150 доллар төсөвлөхөд л хангалттай. Миний хувьд аялал бол тав тух хайхын нэр биш учраас үнэтэй буудалд байрлах нь чухал санагддаггүй. Магадгүй тэр мөнгөөрөө өөр нэг улс руу ч дахиад явчих боломжтой байдаг учраас, үүргэвчтэй аялагчдын буудаг нийтийн өрөөнд хоноод л явчихдаг юм даа.
Ганцаараа аялана гэдэг миний хувьд шинэ зүйл байсан. Гэсэн ч бүх зүйл үнэхээр сайн байснаас гадна бүх л зүйл төвлөсөнөөс нэг их зөрөөгүй шүү. Нийтийн унаагаар нь явж, гудамжны хоол идэж, гудамжны үзүүлбэр үзэж, үзэсгэлэнтэй байгальд сэтгэл, нүд хоёроо баярлуулан, өөр улсын аж амьдрал, соёлтой танилцах хичнээн сайхан гээч. Мөн тэнд л идэж, ууж болох амтат хоол хүнс, хэзээ ч туршиж үзэж байгаагүй шинэ бүхэн сонирхолтой бөгөөд өөрийгөө таньж мэдэхэд тусладаг.
Энэ удаагийн аялалын хамгийн гол зорилго маань Халонг Бэй байсан боловч эргээд харахад, замд тааралдаж ярилцсан, танилцсан хүмүүс тэрнээс ч илүүтэйгээр онцгой байсан.
Би аялалдаа өнгө нэмэхээр дуу хөгжимтэй нэгэн үдшийг эсвэл цагийг өнгөрөөхийг хүсдэг юм. Энэ удаагийн аялалын онцгой дурсамжтай өдрөөр Ханой дахь Binh Minh гэх клубт жаз хөгжим сонсонгоо шинэхэн танил найзтайгаа хамт цагийг өнгөрүүлсэн дурсамжийг онцолмоор байна. Энэ өдөр миний хувьд хамгийн онцгой, сэтгэл догдлуулсан, дурсамжтай үдэш байсан. Хэрвээ Ханойд очвол энэ клубт очиж үзэхийг би таньд санал болгож байна.
Сургамж, ухаарал:
Аз жаргалтай байхыг өөртөө зөвшөөр.
Төсөв:
Cөүл-Ханой хүртэлх нислэгийн тийз 157000 вон
Халаасандаа 900$ той гараад, үүнээс 200$ нь Монголд зарцуулагдаж бусад нь аялалд зарцуулаад болсон доо.
Comments
Post a Comment