№3 Чежү арал руу аяласан тэмдэглэл

Аялах нөхцөл бүрдсэн нь: 
Инха их сургуулийн хэлний бэлтгэлд хамт сурч байсан Вьетнам найз маань амралтаараа Чежү арал руу аялахаар төлөвлөж байгаагаа хэлээд хамт явахыг хүссэн юм. Би гэдэг хүн явна даа гэж бодоод л байж байснаас, ухасхийж завдаагүй байсан үе л дээ.  Магадгүй найз маань санал болгоогүй бол би одоо ч яваагүй л байхыг үгүйсгэх аргагүй юм. Хичээл 8 сарын 12нд амарч, бид 8 сарын 18 билүү 19-нд явж байсан санагдаж байна. Аялалдаа явахын тулд хагас сар орчим орой бүр 6-11 цагийн хооронд цагийн ажил хийсэн. 

Аялалын хөтөлбөр: 
Бид Чежүд очвол юу үзэж болох талаар интернэтээс тус тусдаа мэдээлэл харсан боловч тогтсон маршрутгүйгээр явцгаасан юм. Найз маань нэг Хостелд 4 хонохоор захиалга урьдчилан өгсөн байсан бөгөөд Seogwipo гэх хотод байлаа. Хостелийнхаа өрөөнд ортол өрөөний маань цонхоор үзэсгэлэнтэй, хязгааргүй хөх далай цэлэлзэн харагдахад хичнээн их баярласан гээч. Гэтэл маргааш нь босоод аялалаа үргэлжлүүлэхээр хаашаа явахаа ярилцтал хүрэх газрууд маань маш хол хол байв. (Хммм, богинохон хугацаатай аялал юмсан, уг нь зардлаа байж болох хамгийн бага байлгах ёстой юмсан, гэтэл...) Гэлээ ч бид тэндээ байрлангаа Халла уул руу авирах аялалд 1 өдрийг, Удо гэх арал дээр 1 өдрийг өнгөрүүлсэн. Харин дараагийн өдрүүдэд нь усны амьтдын үзүүлбэр, Тэди бамбаруушны музей, Кэй поп гэх Солонгос оддын хөрөгтэй хамт зургаа даруулдаг газар, Шоколадны музей зэргээр орж үзэв. Эдгээрээс хамгийн хамгийнаар би Халла уулын аялалыг нэрлэнэ. Дэндүү үзэсгэлэнтэй Халла уулыг та аялалын хөтөлбөртөө заавал багтаагаарай. Би ч бас дараа дахин Чежү орвол нэг өдрийг заавал Халла уул руу явахад зарцуулах болно. 

Хамгийн дурсамжтай адал явдал, өдөр: 
Энэ удаагийн аялалаас мэдэрсэн сайхан мэдрэмжүүдийн нэг бол яалт ч үгүй Шинэсэгэ театрт Бразилийн зумба бүжгийн тогтолтыг үзэж байгаад тайзан дээр уригдаж гарсан явдал юм. Хэдийгээр тайзан дээр гараад хангалттай сайн байж чадаагүй ч гэсэн тэр олон хүн дундаас намайг онцолж гаргасан нь, бас олон үзэгчдийн өмнө тэр тайзан дээр надад зориулж цаг гаргасан нь, таалан үзэж байсан уран бүтээлчидтэйгээ хамт мөр зэрэгцэн зогсох зэрэг мэдрэмжүүд үнэхээр гайхалтай байсан. Тэр өдөржингөө би энэ туршлагынхаа талаар эргэн эргэн бодож инээмсэглэсээр явсан. 

Сургамж, ухаарал: 
Зочид буудлаа сонгохдоо байршлыг нь үзэж харах зүйлтэйгээ ойрхон байна уу гэдгийг заавал шалгаж харах хэрэгтэйг ойлгосон. Тиймээс ялангуяа Чежү рүү явах гэж байгаа бол хот болгонд ч юм уу бүс болгонд нь нэг нэг хонохоор буудлаа захиалбал дээр санагдсан. 

Төсөв: 
Сөүлээс ирж очих онгоцны билет 110 мянган вон 
Буудлын 4 хоногийн төлбөр (өглөөний цай багтсан) 30 мянган вон
Бусад хоол, унаа, тасалбар г.м 320 мянган вон 
Өөртөө чихэвч авсан 40 мянган вон 
Бэлэг 100 мянган вон 
Нийт 600 мянган вонын зардалтайгаар 4 шөнө 5 өдрийн аялалыг хийсэн юм. 

Та Чежү рүү аялахаар төлөвлөж байна уу, эсвэл өөр нэгэн газар луу. Монголдоо ч байж болно. Би таньд заавал аялаарай гэж хэлэх байна. Та аяласанаараа заавал ямар нэгэн зүйлийн талаар ойлгож, нүд чинь арай өөр зүйлийг хардаг болж та өмнөх та биш болох болно. Та илүү сайн түвшинд очих болно. 

Бид нөхцөл байдал бүрдэхийг хүлээгээд л байдаг. Мөнгө, цаг хугацаа, бусдын дэмжлэг эсвэл өөрөөсөө зориг, хүсэл эрмэлзэл гарахыг ч юм уу. Энэ бүхэнд баригдалгүйгээр заавал нэг удаа ухасхийгээд үзээрэй. 

Comments

Popular posts from this blog

Миний амьдралын үнэт зүйл, зарчим

Сул талын давуу тал

Түүх яагаад бидний амьдралд чухал вэ?