Хагацлын тухай эргэцүүлэл
Миний үзэх дуртай кинонуудын нэг дээр we appear & we disappear гэж нэгэн настай эмэгтэй хэлдэг юм. Яагаад ч юм энэ үг надад хамгийн үнэн бөгөөд сэтгэлд хоногшоод үлдсэн. Энэ богинохон хугацаанд бид хэрхэн амьдрах ёстой вэ гэдэг асуултыг надад өгсөн л дөө. Бид хэсэг зуур амьдраад л энэ дэлхийгээс, энэ амьдралаас явах болно. Хойд насны амьдрал байдаг, урд насны үйлийн үр байдаг зэрэг ухагдахууныг би эргэцүүлэхийг хүссэнгүй. Зүгээр л энэ урт юм шиг хирнээ, богинохон амьдралыг бид хэрхэн өнгөрүүлбэл зөв юм бол доо гэж бодогдох. Тэгээд эргэн тойрноо ажиглан харахад их л завгүй бас асуудал тоочсон, бие биесээсээ илүү гарах гэж хичээсэн, өрсөлдсөн дүр төрх харагдана. Бүгд ийм хар бараан бас биш л дээ. Гэхдээ энэ бол дийлэнхи олонхийн дүр төрх гэдэг нь үнэн шүү дээ.
Хагацал. Бид эрт орой хэзээ нэгэн цагт энэ хорвоог орхин одохдоо хайртай, дотны хүмүүстээ хагацлын зовлонг харуусалтай хамт үлдээгээд явдаг мэт. Хүн сайн амьдарсан байна уу, муу амьдарсан байна уу, жаргалтай байсан уу, зовж зүдэрсэн үү, боловсролтой байсан уу, соёлгүй бүдүүлэг нэгэн байсан уу ялгаагүй бид бүгд өөрийн гэсэн орон зайг эзлэн энэ дэлхийд амьдарсан учраас биднийг энэ амьдралаас бүр мөсөн явахад тэр орон зай хоосордог. Гунигтай ч гэсэн бас нэгэн үнэн бол тэр хоосон орон зай цаг хугацаа өнгөрөх тусам багассаар ямар нэгэн байдлаар өөр нэгний орон зай, өөр нэгэн зүйлээр бүрхэгдэн алга болдог байх.
Тийм ээ, үхэл гэдэг зүйлээс илүү хайртай хүмүүсийн маань харуусал миний хувьд хамгийн аймшигтай зүйл ч юм шиг.
Дээр асуусан, бид хэрхэн амьдарвал зөв бэ гэсэн асуултад хариулт болгож "Үхлийн ирмэг дэх таван харамсал" номноос таалагдсан 10 ишлэлээ энд хуваалцъя. Зохиогч: Бронни Вейр
- Үхлийг хэдий чинээ эрт ойлгож, таньж мэднэ, хүн төдий чинээ эрт аж амьдралаа зөв зүгт залах боломжтой. Үхэл амьдралын үнэ цэнийг ойлгуулдаг. Өөрт нь хэдий хэр хугацаа үлдсэнийг хэлж мэдэхгүй ч, тэр хугацаа хязгаартай гэдгийг ойлговол, хүн дотоод эго болон бусдад таалагдах хүсэлд барьцаалагдаж амьдрахаа больж, сэтгэл зүрхний дуудлагаа дагадаг.
- Зөнд нь орхих гэдэг бууж өгөхийн нэр биш. Хүн асар их зориг гаргаж байж хүссэн зүйлээ зөнд нь орхиж чаддаг. Ихэнхидээ хүмүүс зүтгээд зүтгээд болохгүй болохоор, туйлдаж ядарсандаа л аливааг зөнд нь орхидог. Ингэж цөхрөх сайхан биш ч, нуруун дээрх хамаг ачаа ганцхан агшны дотор алга болдог. Ахиад юу ч хийж чадахгүйгээ хүлээн зөвшөөрч, хувь заяанд бүхнийг даатгахын цагт, амьдралын урсгалыг таглаж байсан бул хар чулуу өөрөө хөдөлж, хүссэн зүйл аяндаа бүтэх нь бий.
- Залуус тансаглал болоод амжилтын төлөө ухаан алдан зүтгэж, зүрх сэтгэлээ анхаарах сөхөөгүй болсоныг ийн хэлсэн юм. Тавтай сайхан амьдралыг хэн бүхэн хүсдэг. Үүнд буруу юм үгүй. Харин эцэс төгсгөлгүй шунал, бас эд хөрөнгө, амжилтаараа бусдад тоогдох хүсэл хүний ухааныг сохолдог юм байна. Тэгээд хүн хайртай хүмүүс, дуртай зүйлдээ цаг гаргахаа больж, ажил руугаа хэт хэлбийдэг. Хүний амьдралд хамгийн хэрэгтэй зүйл ер нь тэнцвэр юм уу даа.
- Мөнгөний хойноос битгий яв. Ажлынхаа утга учирт л анхаар. Тэр цагт мөнгө чамайг өөрөө дагана. Санаанд ч оромгүй байдлаар мөнгө өөрөө ирдэг.
- Амьдралаа тэнцвэртэй авч явж, найз нартайгаа тогтмол уулз. Үүнийг тэдний төлөө биш, өөрийнхөө төлөө хий. Хүнд найз нөхөд хэрэгтэй.
- Бүх зүйл нуран унах ч, суурин дээр нь цоо шинийг бүтээх боломж бас нээгддэг.
- Сэтгэлийн гүн хямралд өртсөн хүнийг найз нөхөд, ойр дотныхон нь байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй. Энэ л тэдний хийж чадах зүйл. Тухайн хүн нэг бол сэтгэл хямралаас өөрөө гарч ирнэ, үгүй бол үүрд тэндээ үлдэнэ.
- Бусдад тусалдаг хир нь, бусдаар туслуулж сураагүй хүн амьдралын жам ёсны урсгалыг хааж, нөгөө хүнээсээ өгөхийн жаргалыг хулгайлж байгаа хэрэг. Бусдын өгснийг авч сур. Бусдаас авч чаддаггүй зангийн цаана өөртөө итгэлгүй, нэрэлхүү бардам зан нуугдаж байх нь олонтаа. Хорвоогийн хүн бүхэн сайхан сэтгэлийн тусыг хүртэх эрхтэй.
- Сонголт таных. Бас таны сонголтыг дагаж ирэх шагнал болоод харамсал ч ганцхан таных байх болно.
- Та оюун санааны хаалтыг нэвтлэн гарч, бас бусдын бодлыг огоорч чадвал зүрх сэтгэлийн дуудлагаа олж сонсоно. Тэгээд энэ дуудлагаа зориглон дагавал жинхэнэ аз жаргалд хүрдэг билээ.
ӨӨРТӨӨ АЗ ЖАРГАЛЫГ ЗӨВШӨӨР
Comments
Post a Comment