Солонгос улсад би хэрхэн амьдардаг вэ?


За, энэ сэдэв хүмүүст сонирхолтой байж болох санагдаад Солонгос улсад яагаад ирэх болсон, төсөөлж байснаас юу нь өөр байсан, орчиндоо дасахын тулд хэрхэв, мөнгө санхүүгээ хэрхэн зохицуулдаг, ямар боломжууд байдаг зэрэг асуудлуудын талаарх өөрийн туршлагаа хуваалцъя.

Би Солонгост ирээд яг 2 жил болж байна. 2015 оны 3 сард би бүх л шалтгаан, шалтгууд бүрдсэн нөхцөл байдлын улмаас нэр хүндтэй, ажлын нөхцөл сайтай компани дахь хүний нөөцийн менежерийн ажлаа дараагийн хүндээ хүлээлгэж өгөөд ажлаасаа гарсан юм. Тэр олон шалтгаануудын нэг нь сурах бодол төрснийх л дөө. Их сургуулиа төгссөнөөс хойш 5 орчим жил ажилсны эцэст надаас шинэ зүйл, сайн үр дүн, ахиц дэвшил харагдахгүй болж ирсэн. Илүү урагштай, ахиц дэвшилтэй ажиллахыг хүссэн ч олигтой явж өгөхгүй байгааг хараад би дахиад сурах цаг нь болжээ гэж үзсэн юм.

Гэвч яагаад заавал Солонгос улс байв? 
2014 оны 11 сард би хаанаас ч бил ээ дээ Солонгосын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /KGSP/ ийн талаар олж мэдсэн юм. Даан ч тэр жилийн бүртгэлээс нь аль хэдийн хоцорсон байсан юм. Тэгээд дараа жилийн хөтөлбөрт сайн бэлтгэлтэйгээр, хүлээж байгаад заавал тэтгэлэг аваад явна гэж шийдээд, ажлаасаа гарахтай давхцан материалаа өгсөн юм. Хариугаа хүлээх зуураа аялна гээд бодоод л байсан бодлоо хэрэгжүүлж Хятад улсын нийслэл Бээжин хот руу газраар 7 хоног аялаад ирсэн нь одоогийн би-г бий болгоход маш чухал нөлөө үзүүлсэн. Тэгээд тэтгэлэгт хөтөлбөрийн хариугаа сонстол тэнцээгүй гэсэн байлаа. Маш их итгэж, хичээл зүтгэл гаргаж, хүсч байсан зүйл маань тэр үед бүтэлгүйтсэн мэт санагдаж байлаа. Бүр итгэж ч чадахгүй байлаа. Дараа жил би дахиад өрсөлдөнө гэж тооцоолоод яагаад тэнцээгүй шалтгааны тодруулах гэсэн боловч тайлбар хийдэггүй болж таарав.
Солонгос гэж сонгох болсон хамгийн гол шалтгаан бол эдийн засгийн боломж байсан. Хурааж хуримтлуулсан юмгүй над шиг хүнд цагийн ажил хийж төлбөрөө олоод суралцах боломжтой гэж тооцсоных. Нөгөө нэг улс нь Ирланд байсан юм. Гэхдээ арга замаа нэг л олохгүй судлаад л судлаад л байсан. Ямартаа ч Солонгос улс надад үүдээ дэлгэж өгсөн ^^.

Хэрхэн Солонгос улсад суралцах арга замыг олсон бэ?
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах төлөвлөгөө бүтэлгүйтсэн боловч, аялалын визээр Солонгос улс руу явах боломж гарсан юм. Аялалын 3 сарын виз-ээр Солонгост ирээд үйлдвэрт ажиллаад, зарцуулсан зардлын мөнгө болон түүнээс гадна 2 сая 500 мянган воныг цэвэр цуглуулсан байв. Монгол мөнгөөр 5 сая төгрөг, үүгээр би юу хийж болох вэ гэж бодсон. Төлөвлөж байснаараа Вьетнам руу аялах уу, эсвэл Солонгост хэлний бэлтгэлд сурах 2 улирлын буюу 6 сарын сургалтын төлбөр төлөөд эндээ сурах уу гэсэн 2 замаас сонголт хийх хэрэгтэй болсон. Тэгээд угаасаа энд суръя гэж зорьж байсан учраас буцахаасаа өмнө  материалаа бүрдүүлж Инха их сургууль руу очоод төлбөрөө төлөөд, immigration-д материалаа өгтөл сургалтын визийг маань шууд л гаргаж өгсөн дөө.
Аялалын визийг сургалтын виз рүү солидоггүй болгох журам хэрэгжиж эхлэхээс хэдхэн хоногийн өмнө материалаа өгсөн байж таарав. Бүх л зүйл яг л сайхан бүтээд л байсан.
Эндээс би хүн үнэхээр хүссэн бол тэр зүйл нь өөр арга замаар ч байсан заавал бүтдэг юм байна гэдгийг ойлгосон.

Орчиндоо хэрхэн дасан зохицож байна? Юу нь өөр байна?
Аялалын визээр ирэхдээ би цаашид хөдлөх санхүүтэй болохыг эрмэлзэж байсан учраас үйлдвэрт ажиллаж эхлэсэн. Өвөл ирсэн учраас маш хүйтэн, өглөө 6-7 цагийн үед гэрээсээ гарахад харанхуй, 3-5 давхар саарал байшингуудтай гудмаар алхаад үйлдвэр лүү явдаг машинд дайгдаад 1 цаг гаруй явсаар 9 цагаас эхлэх ажилдаа хүрдэг байв. Анх ажил хийж эхлэхэд их амархан санагдаж байв. Гэтэл хэд хоногийн дараа гар өвдөж, бүр шөнө янгинан өвдөх болов. Ээждээ хэлэхээр санаа нь зовчихно гэж бодоод хэлэхгүй байсан ч, ээждээ хэлэхгүй өөр би хэнд хэлдийн гэж бодоод л ээж рүүгээ яриад уйлж орхив. Өглөө эрт гараад шөнө 4-т гэртээ орж ирээд буцаад 6 өнгөрөөд ажилдаа гарах өдрүүд ч байв. Зорьсон зорилго байсан учраас яваад л байв. Гэтэл хэд хоногоос гар маань ч зүгээр болж, олсон мөнгөө хараад баярлаад, нөхцөл байдал арай өөр болж ирэв. Тэд ажиллуулж чаддаг бас төлж ч чаддаг юм байна гэж бодов. Монголд бид нар ажлын цагийг хий эргэсээр байгаа л өнгөрөөдөг байж дээ гэж бодогдов хэхэ.
Солонгост анх ирээд, гудамжинд нь хогийн сав байхгүй хирнээ хоггүй цэвэрхэн байдаг учрыг нь олохгүй байв. Дараа нь багшаасаа сонсохнээ, өмнө нь алхаад л хогийн савтай байсан үе байсаан, тэр үед илүү хогтой байдаг байсан гэж билээ. Ахуйн хэрэглээний хогоо хүртэл хаяхдаа ялгаж хаядаг, гар утас авах зохицуулалт нь манайхаас шаал өөр гээд л мэдэж, дасах, ам ангайх үе олон байсан.
Сургуулийн хувьд, би хичээлдээ явж эхлээд шууд л " хөөх " гэж дуу алдсан шүү. Инха их сургуулийн хэлний бэлтгэлийн сургалтын хөтөлбөр, зохицуулалт үнэхээр ярих юмгүй байсан.
Харин цагийн ажил хийгээд, Солонгос хүмүүстэй харьцаад явахад соёлын ялгаа их гарч байв. Тухайлбал, Солонгос хүмүүс ахмад настай хүний буруу байсан ч залуучууд нь хүндэлж, өөдөөс нь өрвөлзөх эрхгүй, мөн мертонд суугаад явж байхад хөгшин хүмүүст залуучууд нь суудал тавьж өгдөггүй нь хачин санагдаж байв. Соёлын ялгаанаас болоод стрестэх үе, зөрчилдөх үеүүд бишгүйдээ л гарна. Гэхдээ бодоод байх нь ээ, усыг нь ууж байгаа бол ёсыг нь дага гэгчээр энд байхдаа эдний дүрмээр амьдрах нь надад л амар байх юм байна гэж ойлгосон.

Санхүүгээ хэрхэн зохицуулдаг вэ?
Хэлний бэлтгэлд байхдаа би өглөө 9-13 цагийн хооронд хичээлтэй, 18-11 цагийн хооронд цагийн ажил хийдэг байлаа. Өдрийн 40-50 мянган воны цалинтай. Бараг өдөр бүр л ажилладаг байв. Ингэж ажиллаад төлбөрөө олчихно, амьжиргаагаа залгуулчихдаг байв. Мөн жоохон зүтгэл гаргачихвал дуртай зүйлдээ буюу аялах мөнгө эсвэл Монгол руу явах ч юм уу мөнгө илүү олох боломжтой байдаг байсан.
Сургалтын төлбөр улиралдаа буюу 3 сардаа нэг удаа 1 сая 250 мянган вон төлдөг байсан. Аялна, Монгол явна, гэрийхэндээ мөнгө илүүчлэнэ гэж өөртөө илүү ачаалал өгөхгүй бол ер нь л ажиллаад сураад байхад үнэхээр боломжтой санагдаж байгаа.

Comments

Popular posts from this blog

Миний амьдралын үнэт зүйл, зарчим

Сул талын давуу тал

Түүх яагаад бидний амьдралд чухал вэ?