Өөрийгөө эхлээд хүндэл

/Энэ киноноос таалагдсан хамгийн гоё хэсэг/

Хэдийгээр өнгөнөөс агуулга чухал гэж ухаантай болох гэсэн дээ ч юм уу, өнгийг хардаг мөртлөө хардгүй юм шиг дүр эсгэн ярьдаг хүмүүс олон байдаг. Миний хувьд өнгө ч, агуулга ч тэр зүйлийг бүтээж байгаа учраас хоёулаа ач холбогдолтой бөгөөд чухал. Энэ нь тэгээд өөрийгөө эхлээд хүндлэхтэй ямар холбоотой юм бэ гэж үү? Нэгэн ийм зүйл тохиолдсон юм. 

Ер нь бол би ажлаасаа гарах болж оронд маань ажиллах хүнийг бид хайж байгаа юм. Хэдэн хоногийн өмнө ажлын ярилцлагад орохоор нэг охин манай ажил дээр ирлээ. Нүүрээ цэвэрхээн будсан, юбка болон туфл өмссөн хөөрхөн охин байсан. Тэгээд хамт ажилладаг Солонгос ах ярилцаж, тэр болгон хүнд кофе энэ тэр сайн дураараа хийж өгдөггүй би кофе хүртэл хийж өгөөд л. Тэгээд өөрөөсөө асуулаа. Хэрвээ энэ охин арай өөр хувцастай орж ирсэн бол би кофе хийж өгөх байсан уу? гэж. Бас эргэлзээтэй л дээ. Гэхдээ би хийж өгөхгүй гээгүй шүү хаха. Тэгээд би ч бас хачин нөхөр байна шүү. Гадаад төрхөөр нь хүнд хандаад байна уу даа гэж дотроо бодлоо.  

Тэгээд үргэлжлүүлэн, гүй ээ ер нь хүн эхлээд өөрийгөө хүндлэх хэрэгтэй, дараа нь бусдаас хүндлэл ирдэг юм байна аа гэж бодлоо. Туранхай, нарийхан байх, үнэтэй цэнэтэй эд зүйл хэрэглэх нь гол биш. Хүн болгонд аятайхаан харагдчих боломж бололцоо үргэлж бий шүү дээ. Гол нь залхуурахгүй л байх. Гаднаас нь хараад л тухайн хүний зохион байгуулалт хэр эсэхийг бас харж болохоор ч юм шиг. Мөн тухайн хүний амьдралын хэв маягийг харж болохоор. 

Бүр цаашлаад, эмэгтэй хүн ер нь хөөрхөн байх нь хамгийн чухал ч юм уу гэж бодогдох шиг. Хүчтэй, эрх мэдэлтэй, боловсролтой байх гэхээсээ өмнө хөөрхөн байх хэрэгтэй юм шиг санагдаад явчихлаа шүү. Яагаад гэхээр, бид хайрлуулахыг хүсдэг шүү дээ. 

Эцсийн эцэст хүн аз жаргалтай, сэтгэл хангалуун байхыг хүсдэг. Үүний орц найрлага хичнээн ч их юм бэ дээ гэж бодогдох. Алийг нь ч альнаар нь орлуулж болохооргүй олон орц найрлага. Би ер нь орц найрлагыг нь хэр тааруулж байгаа хүн юм бол доо?  

Comments

Popular posts from this blog

Миний амьдралын үнэт зүйл, зарчим

Сул талын давуу тал

Түүх яагаад бидний амьдралд чухал вэ?