Түүх яагаад бидний амьдралд чухал вэ?


Энэ асуултын хариултыг би удаан хайсан. Би түүх мэддэг байхыг, судлахыг, уншихыг хүсч байсан. Гэхдээ энэ ямар хэрэгтэй юм бэ гэж өөрөөсөө асуугаад хариултыг нь олохгүй, түүх судалдаг, энэ чиглэлээр ажилладаг хүнээс ч хүртэл асууж, гүүглээс ч асууж эрж хайсан. Гэхдээ л миний олохыг хүссэн хариулт биш байсан. Хэтэрхий хийвсэр санагдаад байсан юм. Тэгээд өнөөдөр би хариултаа оллоо. Танд ч бас хэрэгтэй байж магадгүй юм.

Их энгийнээр бодох хэрэгтэй байж. Түүх гэдэг бол туршлага юм байна. Тэр туршлагаас сурсан зүйлээ мэдэж байж бид ирээдүйг бүтээнэ.

Бичил хүрээнд буюу зөвхөн нэг хүний амьдралын туршлага ч гэсэн тухайн хүний түүх гэж ойлгож болно. Энэ хэмжээнд жижигсгэн бодвол түүхийг яагаад мэддэг байх ёстой, бидний амьдралд ямар хэрэгтэй гэдэг нь харагдана.

Та төсөөлөөд үздээ, та өөрийн өнгөрсөн амьдралыг мэдэхгүй, санахгүй байвал ямар байдалд орох вэ? Та өөрийгөө хэн гэдгийг мэдэхгүйд л хүрнэ тийм биз. Тэгээд эргэн тойронд буюу хэнд юунд яаж хандаж, ямар шийдвэр гаргаж, юу хийж, яах ёстойгоо мэдэхгүй төөрөх болно. Магадгүй нэг гаргасан алдаагаа дахин дахин давтсаар туйлдах болно. Тийм биш гэж үү?

Жишээ нь, нэг найздаа тус болох гэж байна гээд гуйгаад байхаар нь, өөр ямар ч аргагүй юм шиг ятгаад байхаар нь мөнгө зээлээд, түүнээс болоод та найзтайгаа харилцаагаа таслах, итгэлцэлгүй болох, эргээд өөрийгөө болон найзыгаа хүнд байдалд оруулж байсан хувь хүний туршлага байлаа гэж бодъё. 
Үүнийг туршлага болгож чадвал, дараагийн удаа илүү ухаалаг сонголт хийж чадах биш гэж үү? Туршлага болголгүй, мартаж орхивол дахин алдаа гаргаж дахин дахин өөрийгөө, найзыгаа, эргэн тойрныхоо хүмүүсийг хэцүү байдалд оруулсаар байх болно биз дээ. 

Ийм туршлагыг бид улс орны хэмжээнд томоор буулган бодох ч боломжтой. Тэгэхээр түүхээ мэддэг байх нь бидний ирээдүйн хөтөч болох ёстой байх нь. 

Тэгвэл эхлээд та өөрийгөө хэн гэдгийг сайн ойлгоод, цаашид ямар ирээдүйг өөртөө бүтээхээ шийдсэн байгаа бол улсынхаа түүхийг судлахыг, мэддэг байхыг хүсэх байх аа. 

Тэгвэл, танд миний санал болгох ном бол МУИС-ын түүхийн тэнхимээс гаргасан Монгол улсын түүх сурах бичиг юм. Түүхийн өргөн цаг хугацааг хамарсан, Монголын түүх судлаач, эрдэмтдийн маань хамтын бүтээл учраас арвин их мэдлэг, мэдээллийн эх сурвалж болж чадна гэж итгэж байна. 

Энэ номыг сонголцож өгсөнд аавдаа баярлалаа. Өнөөдрөөс уншиж эхэллээ. 

Comments

Popular posts from this blog

Миний амьдралын үнэт зүйл, зарчим

Сул талын давуу тал