Өвгөн тэнгис хоёр туужийн онцлох ишлэл
Уншсан ч юм шиг, мэддэг ч юм шиг хирнээ сайн уншаагүй бас сайн мэддэггүй номнууд байдаг даа. Миний хувьд тэдгээрийн нэг нь Эрнест Хемингуэйн "Өвгөн тэнгис хоёр" тууж байсан юм. Тэгээд, энэ зохиол юугаараа тийм гайхалтай болоод ийм алдартай юм бол гэж сониучирхан бас мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг нэг зүйлийг мэддэг болмоор санагдаад уншлаа.
Номоо уншиж байхад энэ номын нэр яагаад загас өвгөн хоёр биш , өвгөн тэнгис хоёр юм болоо гэсэн асуулт гарч ирсэн. Гэхдээ тайлал нь энэ ном дээр байсан.
За тэгээд уншиж байх явцад гарч ирсэн онцлох ишлэлүүдийг хуваалцъя.
1. Та ч миний нэг ёсны сэрүүлэгтэй цаг шүү дээ гэж жаалхүүг хэлэхэд өвгөн:
Өтлөх чинь өөрөө сэрүүлэгтэй цаг шүү дээ. Өвгөд яагаад ийм эрт сэрдэг юм бол? Ядаж нэг өдрийг ч болов уртасгах гэж тэгдэг юм болов уу? гэж эргэцүүлдэг.
Сэтгэгдэл: Ер нь л анзаараад байхад өндөр настай хүмүүс өглөө маш эрт сэрдэг нь ажиглагддаг шүү дээ. Үүнд янз бүрийн шинжлэх ухааны тайлбар өгч болох байх л даа. Гэхдээ зохиолчийн хэлэх гэсэн санаа нь: унтаж өнгөрүүлэхэд амьдрал богинохон гэдгийг ойлгуулах гэсэн юм болов уу.
2. << Алтан туна ч надад баригдахаас өнгөрлөө. Их ч хурдан юм, их ч холдчихлоо. Сүргээс хоцорсон ганц нэг нь л тааралдаж магадгүй. Надад баригдах том загас бас хажууд нь ойрхон байгаа ч юм бил үү, яаж мэдэх вэ. Хаа нэгтээ явж л байх ёстой доо.>> гэж бодов.
Сэтгэгдэл: Өөдрөг үзлийн илэрхийлэл санагдсан.
3. << Холын юманд анхаарлаа бүү сарниул. Наад хамар доорхоо л бод. Тэнэг юм хийчихгүй байхыг хичээ. >> хэмээн өөрийгөө зандрав.
Сэтгэгдэл: Зорилгодоо төвлөр гэсэн санааг илэрхийлж байна гэж ойлгосон. Өвгөн далайд гарсан хойноо өнөөдрийн бэйсболын тэмцээний үр дүн юу болсон бол гэж бодогдоход өөртөө ийнхүү хэлдэг.
4. << Уг нь энэ загас элдэв өгөөш, хүмүүний ов мэхээс хол, тэнгисийн харанхуй гүнд зүгээр үлдэх тавилантай байсан юм. Харин би ганцаараа тэнгист алс хэн ч хүний хүрээгүй газраас түүнийг олох хувь зохиолтой байж. Ертөнцийн нэг ч хүн хүрээгүй газраас гээд боддоо. Ингээд бидэн хоёр өнөөдөр үд дундаас хойш нэг нэгэндээ уяатай болчихдог байж. Түүнд ч, надад ч туслах амьтан байхгүй. >> гэж өвгөн бодлоо.
Сэтгэгдэл: Загас бол зорилго, хүсэл мөрөөдлийн төлөөлөл мэт. Мөрөөдлөө биелүүлэх эзэн нь чи, өөр хэн ч биш.
5. << Би чинь одоо яаж байгаад загасны ганц удаагийн огцом таталтад өртөж, шархаддаг байна аа? Зөнөж гүйцэж бүр. Нөгөө шувуухайг гөлрөн ширтэж, түүний тухай бодсоор ингэчихэв үү? Одоо урьдах ажлаа бодох минь, загасаа идэж, тэнхээ тамир оръё. >> гэж бодлоо.
Сэтгэгдэл: Зорилгоосоо өөр зүйлд анхаарал хандуулж байгаад өөрийгөө шархдуулсан. Тэгэхээр анхаарлаа бүү сарниул, эс тэгвэл бүтэлгүйтэх болно гэсэн санааг илэрхийлж байна.
6. Дийлье гэвэл хэнийг ч дийлж болох юм байна гэдгийг тэр ойлгожээ.
Сэтгэгдэл: Зорилго, хүсэл мөрөөдлийг том гэж айлгүй, хүрнэ гэж зорьвол хүрч болдог гэсэн санаа юм. Нөгөө талаар, хүмүүс бидэнд маш их нөөц, бололцоо бий гэдгийг харуулж байна.
7. Хүн ялагдахын төлөө төрдөггүй. Биеийг хөнөөж болно, харин хүсэл зоригийг ялж чадахгүй гэж өвгөн хэлэв.
Сэтгэгдэл: Your heart is a million times more powerful than your brain. Яг л энэ утгыг илэрхийлсэн юм шиг санагдсан.
8. << Өвгөн чамд авч гарах юм олон байж. Чи даанч авсангүй. Одоо тийм ч юм болохгүй, тийм ч юм дутуу гэж боддог цаг биш. Байгаагаараа л болгохыг бод. >> гэж өвгөн дотроо өөрийгөө зэмлэв.
Сэтгэгдэл: Байхгүй зүйлд төвлөрөлгүй, байгаа зүйлсээ ашиглан хийх боломжтой бүгдгийг хий гэсэн санаа юм.
9. << Салхи гэдэг бидний сайн нөхөр мөн шүү. Гэхдээ дандаа тийм биш. Агуу их тэнгис гэдэг бидний аврах нөхөр, алах дайсан аль алинаар дүүрэн юм даа... Харин гэртээ очихоор ор дэр л миний нөхөр юм даа. Жирийн л нэг ор шүү дээ. Орондоо ороод хэвтэж байх мөн ч сайхан даа.>> гэж бодов.
Сэтгэгдэл: Тэнгис гэдэг бол амьдрал. Загас бол бидний хүсэл мөрөөдөл, зорилго. Өвгөн бол хүсэл мөрөөдөл, зорилготой нэгний төлөөлөл. Хүмүүс бид сайн сайханд хүрэх гэж, хүсэл мөрөөдөлд тэмүүлж маш их холын хол замыг, маш их хүч хөдөлмөр, тэвчээр гарган байж туулдаг. Тэнд л аз жаргал байгаа мэт бодон холын хол замыг зорьцгоодог. Гэтэл тэр зүйл ердөө бидний дэргэд л байдаг гэдгийг өгүүлж байх шиг.
10. Тэнгис гэдэг тэнгэр шиг агуу их, тэрний дунд завь гэдэг цэгийн төдий, яаж харагдах вэ дээ гэж өвгөн хэлэв. Өөрөө өөртэйгөө биш, бас зөвхөн тэнгистэй ч биш харин хүнтэй ярих хөөрөх юутай таатай вэ хэмээн сэтгэл их өег байв.
Сэтгэгдэл: тайлбаргүй.
Comments
Post a Comment