Анзаарах бясалгал
Хүмүүс бид өдөрт дунджаар 60 мянга орчим сайн, муу агуулгатай янз бүрийн бодлуудыг бодож байдаг гэнэ. Ухамсартайгаар бодож, ухамсартайгаар үйлдэх нь их чухал гэнэ. Ухамсартайгаар бодож, ухамсартайгаар үйлдэнэ гэдэг нь би өөрөө юу бодож, юу үйлдэж буйгаа тухай бүрт нь мэдэж, мэдэрч байхын тухай юм гэнэ. Анзаарах бясалгал үүнд тустай бөгөөд өөртөө нэг таних тэмдэг бий болгоод түүнийг харах бүртээ өөрийнхөө бодол бөгөөд хийж буй үйлдэлдээ анхаарах ёстой аж. Энэ бол анзаарах бясалгал.
Бид заримдаа зүгээр л муу зүйлсийг ухамсаргүйгээр бодож, муухай мэдрэмжүүдийг мэдэрч байдаг юм шиг. Тэгэхээр заавал гэгээрэлд хүрэх албагүй ч илүү гэрэл гэгээтэй ирээдүйг өөртөө болон эргэн тойрондоо бүтээхийн тулд ухамсартайгаар бодож, ухамсартайгаар үйлдэх хэрэгтэй аж.
Бид өөрсдийнхөө сэтгэл санаа, мэдрэмж, үйлдлийг сайн сайхан байлгахын тулд бид өөрсдөө түүнийгээ удирдах ёстой гэдэг нь үнэн. Хэн нэгэн надад муухай үг хэлэхэд би сэтгэл санаагаар унаж, хэн нэгэн надад сайхан үг хэлэхэд баясан жаргах. Энэ тохиолдолд миний байр байдал бусдаас үргэлж хамаатай бөгөөд удирдлагаа бусад хүмүүст өгсөнтэй адил аж.
Тэгвэл ямар байх ёстой вэ гэвэл, магтуулсан ч муулуулсан ч тогтуун, тайван амгалан байдлаа хадгалж, бодож, үйлдэх ёстой гэнэ. Энэ их чухал.
Амьдралд шударга бус, хуурмаг тохиолдол олон гардаг. Тэр үед ч үнэнийг батлах гэж тунхаглах биш, үйлдлээрээ л харуулах ёстой гэнэ.
Энэ хорвоог өөрчлөхийг хүсвэл эхлээд өөрийгөө өөрчил гэдэг шүү дээ. Яг л энэ юм. Би хийж байна гэж тунхаглахаас илүү, хөдөлмөрлөөд үр дүнгээр нь үлгэрлэх нь хамгийн үр дүнтэй бөгөөд чухал.
Тэгээд өнөөдөр би ямар шийдвэр гаргаж байна вэ гэхээр,
1. Тунхаглалгүйгээр, биеэр үлгэрлэхийг эрхэмлэхээр шийдэж байна. Чимээгүй хөдөлмөрлөх болно. Бусад хүмүүс надаас өөрөө ирээд асуугаагүй тохиолдолд ам нээн, би ингэж байгаа, би тэгж байгаа гэж ярихгүй байх шийдвэр гаргаж байна.
2. Би өөрийн сэтгэл санаа, бодол, үйлдлийн удирдлагыг өөртөө авахаар шийдэж байна. Зорилго, хүсэл мөрөөдөл, энэ дэлхий, хүн төрөлхтөнд өгч чадах бүх зүйлээ үргэлжлүүлэн хийх бөгөөд гагцхүү ургаа мод мэт нэг газраа тогтуун байх болно. Зөвхөн сайныг бодож, сайныг ярьж, сайныг үйлдэх болно.
Comments
Post a Comment