Ажиглалт-шинэ сонирхол


Бид цагийг ашиглаж байна гээд өглөө босонгуутаа ойр зуурын зүйлсээ амжуулангаа ямар нэгэн зүйлийг сонсоно. Дуу байна уу, мэдээ байна уу, сонирхсон чиглэлийн нэвтрүүлэг, ярилцлага юу ч байж болох. 

Үргэлж урсан өнгөрөх мөч бүрт нэгийг биш хоёрыг, түүнээс ч олныг амжуулах гэж яарна, бас шуналтана. 

Өөрийгөө маш их ядрааж буйгаа анзаарлаа. 

Тэгээд өчигдөр шөнө унтахаасаа эхлүүлээд маргааш өдрийнх нь буюу өнөөдрийн 13 цаг 30 минут хүрэл интернэтээ салгаад хэсэг амрав. Ойр зуур ахуйн ажлаа амжуулж, өглөөний цайгаа уугаад, номоо уншив. 

Чимээгүй бөгөөд тайван байлаа. 

Тэгээд өөр давхарт амьдрах дүү маань хоол хамт идье гээд дуудаж байна аа. Хамт хийсэн хоолыг нь амтархан идчээд өрөөндөө орж ирээд суулаа. Хийж амжуулах зүйл байгаа нь АТМ орж бэлэн мөнгөө картандаа хийх байв. Тэгээд түрийвчээ нээтэл хэдэн төгрөгийн дэвсгэрт байгааг харав. Тэгээд төгрөгийн дэвсгэртүүдийг гаргаж ирээд хэсэг ажиглан харав.

Өдөр тутмын амьдралдаа тухайн дэвсгэртийн илэрхийлэх тоон илэрхийлэмжийг л чухалчлан хэрэглэнэ бид.

Харин энэ удаад зөвхөн төгрөгийн дэвсгэрт дээр байгаа зураг, хээ, тоо бүхэн ямар нэгэн билэгдэл, учир холбогдолтой л байх гэж бодов. 

Дэвсгэрт бүр дээр Монгол банкны ерөнхийлөгчийн гарын үсэг хэвлэгдсэн байх юм. Н.Золжаргал, Жамъян гэх нэрс уншигдах. Сонин бас гоё ч юм шиг. Өмнө нь огт анзаарч байгаагүй юм байна. 

Мөн Сүхбаатар жанжины зураг 100-аас доошхи дэвсгэртүүд дээр байх. Тэгээд Монголын түүхэнд их л үүрэг гүйцэтгэж, түүхэн гавъяа үзүүлсэн хүн байж таарна гэж бодов. Энэ түүхэн хүний талаарх мэддэг зүйл гэвэл бүдэг бадаг санах Сүхбаатар киноны дүр юм даа харамсалтай нь. Эх орны минь нийслэл Улаанбаатар хотын төв талбай ч энэ хүний нэрээр нэрлэгддэг. Тэгвэл бид Сүхбаатар гэх энэ түүхэн хүний талаар мэддэг байх ёстой биш үү гэж бодно. Хайж, сонирхож л байгаагүй болохоос ном, бичиг, судрууд дээр түүх, мэдээллүүд нь их л байдаг байх даа.

Тэгээд бас л бодлоо. 
(Ганцаараа амьдардаг болохоор бодохоос өөрийг хийхгүй юм даа. Бодогдсоноо энэ мэтчилэн бичих.)

Улс орон болгоны мөнгөн дэвсгэрт дээр тухайн улсын түүх, гүн ухаан, итгэл үнэмшлийн талаарх чухал бөгөөд товч мэдээллүүд агуулагддаг мэт. Сонирхолтой бас гайхалтай. 

Тиймээс олон улсын мөнгөн дэвсгэртийн цуглуулга хийж эхэлмээр санагдав. Тэр дэвсгэрт бүр надад ирсэн түүхтэй байх бөгөөд тухайн дэвсгэрт бүр дээр агуулагдан буй тухайн улсын түүхийг мэддэг болох үүргийг би хүлээнэ. 

Бүр догдолчихлоо байна хэхэ. 

Comments

Popular posts from this blog

Миний амьдралын үнэт зүйл, зарчим

Сул талын давуу тал

Түүх яагаад бидний амьдралд чухал вэ?