Зүүд бол цорын ганц бодит зүйл- Федерико Феллини

Италийн алдарт кино найруулагч Федерико Феллинигийн амьдралын түүхийг өгүүлэх "Зүүд бол цорын ганц бодит зүйл" номоос онцлох ишлэлүүдээ энд тэмдэглэн үлдээж байна. Түүний амьдрал өөрөө яг л кино шиг юм даа гэж уншиж дуусаад бодож билээ. 


  • Бусдаар үнэлүүлж, хүндлүүлье гэвэл өөр үзэл санаатай, өөр ааш авиртай ч хамаагүй, янз бүрийн улстай уулзаж учрах нь чухал юм. Үгүй бол өөртэйгөө л ярьж суухаас ялгаа юу байх вэ. 
  • Юу хүссэнээ хийж болох, их ашиг орлого олох кино хийнэ гэдэг хичнээн сайхан билээ. 
  • Хүн зөн совиндоо л итгэх хэрэгтэй. Учир шалтгаанаас илүү сэрэл, мэдрэмжээрээ л үнэнийг олж болно. 
  • Хийж байгаа зүйлдээ эхлээд яасан ч нэр оноож болохгүй. Тэгвэл чөлөөтэй сэтгэхэд гай болно, ургуулан бодоход чөдөр тушаа болно. Дөнгөж эхлүүлсэн зүйлээ нэр устай болгочвол бүтээл чинь эмх цэгцэндээ орно гэж саналтгүй. Нэр гэдэг багцаалах л үүрэгтэй. 
  • Дараа нь яах бол гэж айдаггүй, өөрөө хүссэн л бол юунаас ч эмээж болгоомжилдоггүй, үнэн голоосооо үзэн ядаж, ухаангүй дурлаж хайрлаж чаддаг хүмүүсийг би биширдэг юм. 
  • Хэтрүүлэг гэдэг миний ой санамжийн нэг хэсэг. Гэтэл түүнийг минь ердөө л "худал хэллээ" гэсэн үгээр л үгүй хийж, дурсамж дурьдатгалыг минь бүхлээр нь хулгайлдаг өөдгүй хүмүүс бий. Харин би худалч гэж гүтгүүлэх бүртээ өөрийнхөө шударга байжээ гэдэгт улам бүр итгэдэг юм. 
  • Ямарваа нэг зүйл хориотой байх тусмаа улам сонирхол татдагийг, бас хориотой, тааламжтай гэсэн хоёр үг ямар нэг сэжмээр холбоотой явдгийг ойлгодог болсон. 
  • Кино үзэхээр догдолно гэдэг бүсгүй хүнтэй ойртохтой төстэй, айж балмагдмаар хэр нь анхаарал шаардсан нандин мэдрэмж юм. 
  • Хийхийг хүссэн зүйлээ яг цагаа олж мэдсэн минь үнэхээрийн зол заяа юм. 
  • Надад зэхсэн хувь тавилан хаа нэгтээ бий бол түүнийгээ олохыг хүссэн. Эрх чөлөө гэдэг надад юм бүхнээс үнэтэй. Ерөөс эрх чөлөөтэй байна гэдэг л аз жаргал шүү дээ. 
  • Алив зүйлийг сонгоно гэдэг, үүнийг л хүсч байна гэж эргэлт буцалтгүй шийдвэр гаргана гэдэг надад аймшигтай санагддаг юм. 
  • Хүн хамгийн чухал үйл явдлыг яг болж ахуйд нь мэддэггүй, өдөр тутмын амьдралдаа түүртээд анзаардаггүй. Харин өнгөрсөн хойно нь л, насны эцэст эргэн дурсахдаа л хичнээн чухал байсныг нь ухаардаг. 
  • Эр, эм хоёр олон жил хамт амьдрахаар янаг амрагаар тогтохгүй анд нөхөр, ах дүү, заримдаа бүр хэн хэндээ эцэг эх нь болдог. 
  • Би нэг талаар Жульеттагийн олж харсан өөртөө дурласан юм. 
  • Бидний учрал бол бие, сэтгэл, оюун санааны хосгүй нэгдэл, ховорхон тохиох зохицол байв. 
  • Эхнэр минь миний итгэл үнэмшил билээ. 
  • Аз жаргал гэдэг хөдлөшгүй, хэзээд зуураад байж болох барьцтай эд биш юм даа. Харин ч хэдий их зууралдана, төдий хурдан сарниж замхардаг зүйл шиг ээ. Жаргалтай, сэтгэл хангалуун байгаагаа мэдэрч, үнэлсэн цагт л аз жаргалтай байх боломжтой юм. 
  • Бөмбөгдөлтөд хамаг эд хөрөнгөө алдсан хүмүүс үнэхээр өр өвдөм байлаа. Эвдэрч сүйдсэн болгоныг хараад л би юу юу ч үгүй болж хоцорсноос анхнаасаа хөрөнгө хогшил хураах хэрэггүй юм гэж бодож билээ. 
  • Надад одоо цагтаа амьдрах нь чухал байснаас тоос тортог хураах хөрөнгө зоорь огтоос сонин биш байжээ. Тоос шороонд үл дарагдах дурсамж дурьдатгал минь л надад юм бүхнээс үнэтэй. 
  • Найруулагч байхын хамгийн давуу тал нь ямар ч жигтэй төсөөллөө бодитоор бүтээх юм даа. 
  • Амь зуухад л хүрэлцэж байвал мөнгө гэдэг надад хэзээд чухал байгаагүй. Хамт ажиллая гэсэн хүмүүстэйгээ хүссэнээ хийж байх нь л надад чухал байж. 
  • Хүн бүр л их , бага алин боловч өөрийнхөө үзэл бодол, байр суурийг зөв гэж боддог, түүндээ сэтгэл хангалуун байдаг шүү дээ. 
  • Хүн бүрийн санаанд нийцэх гэж хичээвэл хэний ч сэтгэлд хүрэхгүй. Хүссэнээ хийж байж л кино бүтээнэ. Тэгэхээр эхлээд өөрийнхөө сэтгэлд нийцэх нь өөрөө өөртөө таалагдах нь чухал юм. 
  • Өрөөлд таалагдахыг хичээдэг хүн хэзээ ч урлан бүтээгч болж чадахгүй. 
  • Үзэгчдэд бүх зүйлийг нь зэхэж өгвөл, нэг ч гэсэн оньсого үлдээхгүй бол кино уйтгартай, сонирхолгүй болно шүү дээ. 
  • Амьдрал дээр ч, уран бүтээлд ч гэнэн цайлган, зүггүй зангаа алдахгүй байх нь чухал юм. Жижигхээн сүүл байна гээд татчихвал аварга том заан гаӨөраад ирвэл догь биздээ. Ерөөс юм бүхнийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байж сурах хэрэгтэй. Ялангуяа хүнд хэцүү үед гэнэн итгэмтгий, өөдрөг зангаа гээж болохгүй. 
  • Гялалзсан амжилттай байлаа гээд хүн олон найз нөхөдтэй болдоггүй юм билээ. 
  • Өөрийгөө үзүүлэн болгох дургүй. 
  • Энд чамд таалагдахгүй байна уу? 
  • Дэндүү ухаантай, эсвэл дэндүү тэнэг хүмүүс л тэгж бусдаас үлдэж хоцордог. Гэвч ухаантнууд өөрсдийгөө тусгаарлаж, ухаан муутнууд бусдын нөлөөгөөр тусгаарлагддагт гол ялгаа нь бий. 
  • Амттай хоолонд дуртай хүмүүс голдуу юм юмыг таашааж чаддаг, хүссэнээрээ сэтгэл ханамжтай байж чаддаг. Тиймээс хоол ундыг чухалчилдаг хүмүүст би эрхгүй татагддаг юм. 
  • Найруулагчийн хувиар би жүжигчиндээ дүрээ олоход нь туслах биш, дүрдээ жүжигчнээ олоход нь тусалдаг. 
  • Гомдол тээх нь хүний тамир тэнхээг бардаг. 
  • Хүслээ дарж, өөрөөсөө зугтсаар байвал нууж хаасан бүхэн нэг л өдөр сад тавьж, хүнийг өөрийг нь залгиж орхидогийг би Антонио эмчээр харуулахыг зорьсон юм. 
  • Бүгдийг мэднэ гэдэг эр, эм хүмүүсийн хоорондох чимчигнэсэн, ер бусын сайхан мэдрэмжийг үгүй хийнэ. 
  • Айдсыг бага тунгаар хүртэх нь амьдралын сайхныг мэдрүүлдэг. 
  • Айдсаа ялан дийлсэн хүнийг л зоригтой гэхээс юунаас ч айж эмээдэггүй хүн усан тэнэг юм уу, хөлсний цэрэг, эсвэл аль аль нь байдаг. 
  • Амьдрал гэдэг мөн ч хуурмаг, тольны тусгал төдий зүйл шүү. 
  • Хүний нэр сэвтэж, үнэ хүндээ алдахыг хараад сэтгэл нь ханадаг хүн олон байдаг юм билээ. Худал үг үнэнээс илүү урт насалдаг нь жам. 
  • Жульеттаг би амьдралын хатуу хүтүүүг мэдэхгүй өөдсийн чинээ болжмор шиг санадаг. Гэхдээ тэр минь яаг ийгээд өвлийг давдаг тэсвэр хатуужилтай шувуухай билээ. 
  • Төсөөллийг минь баяжуулдаг нэгэн чухал эх сурвалж бол ном юм. 
  • Ирээдүйг зөгнөх, өнгөрснийг төсөөлөх хоёр угтаа адилхан юм. 
  • Аливаа уран бүтээлд уран сэтгэмж гэдэг чухал ч бодит байдлын бага ч гэсэн хэлтэрхий, ядаж л түүний тусгал байхгүй бол хүний сэтгэлд хүрч чадахгүй. 
  • Зохиол бичихийн тулд зайлшгүй тэр зохиомол амьдралыг бодитоор мэдрэх шаардлагагүй билээ. Хараагүй хүнд тоглохын тулд жүжигчин өөрийгөө сохолдоггүй. 
  • Золгүй явдал өөрсдөд нь биш, тэр хоёрт тохиолдсон болохоор хүмүүс инээлдсэн юм болов уу. 
  • Залуудаа би сонин хачин газар орон үзэхсэн гэж их адгадаг байв. Харин амьдран суугаа хотоо сэрж мэдэхийн хэрээр тэгж бодохоо больсон. 
  • Би биш, машин л муу муухай юм хийсэн шиг хөөрхийг нутагт нь, Герман руу нь буцаасан нь тэр. 
  • Осол болсон тэр өдрөөс хойш би машин унахсан гэж хүсээ ч үгүй. Тэр явдал намайг өөрчилсөн юм. Би амьдрал гээч хичнээн хэврэг, хариугүй зүйл болохыг хормын дотор л ухаарсандаа. 
  • Гэртээ, зурагтын өмнө суугаад хүссэнээ үзэх боломжтой болсон өнөө цагийнхан аливаа үзвэрийг бишрэх, хүндлэх сэтгэлгүй болжээ. Зурагтынхаа өмнө хүмүүс нүцгэн шахам суугаад идэж, уунгаа уран бүтээлийг минь үздэг гэж бодохоор надад лав аягүй санагддаг. 
  • Би хүчинд автсан сонсогч, хүчинд автсан тамхичин, ер хүчинд автсан хэн нэгэн болохоос үргэлж айдаг. 
  • Хүн харсан үзсэндээ итгэдэг үү, итгэсэн зүйлээ хардаг уу? 
  • Хүнтэй харилцана гэдэг шинжлэх ухаан биш, урлаг билээ. 
  • Драмын урлагт үзэгчид жүжигчдээс дутуугүй чухал дүр бүтээдэг. 
  • Би оюун санаан дотроо аялахыг илүүд үздэг болохоор ийш тийш явах дургүй. 
  • Би Америкийн аварга том, сүрлэг бүхэнд яагаад ч дасахгүй байсан байх. Америкийн бүх зүйл яг л газар нутаг шигээ санаанд багтамгүй том. Юм бүхэн нь эцэс төгсгөлгүй, зогсолтгүй эргэлт, хөдөлгөөнд оршдог. Дэндүү эрх чөлөөтэй байна гэдэг нэг бодлын аймшигтай. Боломж бололцоо их байхын хэрээр учраа олохгүй төөрнө гэдэг хүсэх зүйл бишээ. Юу хүссэнээ хийж, хэн ч болж болно гэж хэлүүлэх нь америкчуудад бэрх байдаг биз. Өөрийгөө хэмжээлшгүй эрх дархтай байна гэж бодох төдийд л надад хий хоосон мөрөөдөлдөө хүлэгдэж, хөшиж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Ерөөс хэмжээгүй эрх чөлөө, эд баялаг гэдэг хуурмаг үзэгдэл, зүүд зэрэглээ юм. Хэдий их мөнгөтэй байна, төдий хэрээр түвэг дараа үүснэ. Тэгэхээр их мөнгөтэй байлаа гээд сайн кино бүтээнэ гэсэн үг биш. 
  • Жинхэнэ нөхөрлөл гэдэг гайхамшигтай адал явдлаас өөрцгүй билээ. Ясны сайн найзуудын хооронд бараг л амраг хосуудад байдаг шиг догдлол, торгон мэдрэмж төрдөг юм. 
  • Кино урлаг угаасаа сургаж, номлох үүрэггүй билээ. 
  • Бүх зүйл ид шидтэй. Түүнийг таних л хэрэгтэй. 
  • Кино минь амжилт олохгүй байх нь дараагийн киногоо хийх хөрөнгө мөнгө олдохгүйн зовлон тарихаас гадна өөртөө итгэх итгэлийг минь шороотой хутгаж орхидог. Ажил мэргэжилдээ амжилттай байгаагаа мэдрэх шиг сайхан зүйл үгүй шүү дээ. Нас ахихын хэрээр би ажилдаа сэтгэл хангалуун байх үгүйгээ улам бүр чухалчилдаг болжээ. Залуудаа аз жаргалын талаар л их боддог байв. Харин одоо бол үгүй. Хүн цаг ямагт жаргалтай байх боломжгүй гэдгйиг, жаргал зовлон хэзээд ээлжилдэг жамтайг мэдэх болсноор тэгш сайхан амьдралыг ч мөрөөдөхөө больсон. Зовлон удаан үргэлжлэхгүй гэдгийг ухаарах нь ч нэг бодлын жаргал юм даа. 
  • Сайн кино бүтээхийн нууц жорыг хэн ч мэдэхгүй, мэдэх ч боломжгүй юм. Нэг удаад эвлэж бүтсэн зүйл дараагийн удаа яг ижилхэн бүтнэ гэж байхгүй. Яаж сайн кино хийхийг би ч мэдэхгүй.
  • Кино бол дотроо цоо шинэ, хахь ондоо амьдрал тээж, өөрийн гэсэн зүрхний хэмнэлтэй төрдөг, ондоо амьдрал тээж, өөрийн гэсэн зүрхний хэмнэлтэй төрдөг, бодит байдал болоод ухаарал, сэхээрлийн хэд хэдэн үе давхаргатай амь халуун оршихуй билээ. 
  • Кино найруулагч байхын өөр нэг аягүй тал нь гуйлгачин шиг царайчилж явах байдаг. Үр хүүхдүүд минь болох кинонуудынхаа төлөө бардам зангаа ч гээдэг дээ. 
  • Би өөрийгөө ертөнцийн түүхэн дэх хамгийн азтай хүний нэг гэдгийг алхам бүртээ мэдэрдэг. Эрт, эдүгээгийн болоод хожим хойчийн нэг ч хүнтэй би амьдралаа солихгүй. Сэтгэлд хүрсэн бүхнээ бүр илүү мэдэрч, ухаарахсан гэхээс өөр хүсэл надад одоо үлдсэнгүй ээ. 
  • Хэлчихсэндээ дараа нь харамсаж, юу ч хийсэн буцааж болдоггүй үг гэж бий. Харин огт хэлэгдээгүй үгс түүнээс илүү өр өвтгөм байдаг аа. 
  • Би хувь хүнд байх санхүүгийн тусгаар байдлаа золин байж урлан бүтээх эрх чөлөөгөө олж авсан. 
  • Сэрээгээр хооллобол таваг хэрэгтэй болно, тавагтай болчихвол ширээ, сандал авах болно, тэгвэл тэр бүхнээ байлгаж байх байшинтай болчихно гэж айсандаа ганц хурц тонгорогтой явдаж байж. 
  • Хурааж хуримтлуулсан юмсынхаа боол нь болчих вий, тэгээд хий хоосон ахуйд уусах вий гэхээс эмээдэг. 
  • Худалдагдана гэдэг надад үхлээс дор юм. Хожим өөрөө баярлаж бахдахааргүй зүйлийг мэдсээр байж хийснээс өлбөрч үхсэн минь дээр. 
  • Хамгийн таагүй, аймшигтай шорон бол харамсал тээж амьдрах юм. Үүнийг "тэгсэн бол ..." хэмээх цаг гэж ойлгож болно. Ийм цагт амьдрахгүйг хичээх хэрэгтэй. Учир нь өөрөө өөрийгөө  зовоохын хэцүү бэрхийг хүн ийм үед л амсдаг. Хүнийг угтаа өөрөөс нь өөр хэн ч зовоодоггүй билээ. 
  • Муу кино болчих вий гэж айлгүй, төлөвлөсөн кино болгоноо хийсэн бол дээр байж. Тааруухан киноноос сургамж авч, бүр илүү сайныг бүтээх байсан ч юм билүү. 
  • Алдахаас айна гэдэг хүнийг барьж, хорьдог хамгийн бат бөх, хамгийн аюултай чөдөр тушаа юм. Төгс зүйл мөрөөдөж, юм бүхний тохироо бүрдэхийг хүлээж суухаар оноолт газраа чөлөөтэйхэн сэлгүүцэж байхгүй яав дээ гэж одоо харамсаж сууна. 
  • Хүсэл мөрөөдөл ч гэсэн нэг янзын залбирал юм. 
  • Амьдралд үнэндээ онцын чухал гэх нэг ч зүйл үгүй. Хүмүүс ирнэ, буцна. Амьдрал урсдагаараа урсана. Хүн бол эхлэл, төгсгөл үгүй гинжин хэлхээний ширхэгхэн гархи шиг цаг хугацааны өчүүхэн нэг хэсэг юм гэдгийг ромчууд бид өөр аль ч хотынхноос илүү ойлгодог.
  • Америк бол цагаан цайлган, иртэй цогтой, жинхэнэ сэргэлэн сортоотой хүмүүсийн нутаг билээ. Юу ч болсон үргэлж урагшаа тэмүүлдэг, ийм гайхамшгийн орон өөр хаа ч үгүй юм. 
  • Өглөөний хоол, цай нь тухайн улсыг хангалттай таниулахаар байдаг юм. 
  • Цул, бүхэл зүйлд салангид хэсэг гэж байхгүй билээ. Нэгэн биед шингэсэн эрхэм чухал юм гэдэг заримдаа зүрх, заримдаа гар, заримдаа бүр хурууны үзүүр ч болох нь бий. Аль нь ч байсан ялгаагүй, тэр нь л үгүй бол эрхтэн дутуу, гар мухар болох нь тодорхой юм. 

Comments

Popular posts from this blog

Миний амьдралын үнэт зүйл, зарчим

Сул талын давуу тал

Түүх яагаад бидний амьдралд чухал вэ?