Бидний амьдарч буй цаг үе
Бид хязгааргүй их мэдээлэл дунд живэх шахан амьдарч байх шиг. Хүн болгон мэддэг, хүн болгон сургадаг, хүн болгон зөвлөдөг, хүн болгон хувийн туршлагаа хуваалцдаг болжээ. Түүнийгээ дагаад хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, шинэ ажил мэргэжлүүд ч бий болж байна. Бүгд л орчин үе, шинэ үе, инстаграм, юүтюб, мэдиюм гэж хошуурцгаах болж. Үүнийг бичээд, нийтлээд сууж байгаа би өөрөө ч тэдний нэг байх. Тэгээд өөрөөсөө "би яагаад үүнийг хийдэг юм бол?" гэж асууна. Тэгээд нэг ийм хариултыг өөртөө өглөө.
Нэгдүгээрт,
"Хүн болгон өөрт хэрэгтэй мэдээллийг интернэтээс бичвэр, аудио, видео гээд хүссэн төрлөөрөө олж чаддаг болсон учраас дэргэдэх хүнийхээ яриаг сонирхон сонсохоо больсон юм шиг. Дуу, бүжиг, спорт, аялал, хувцас загвар, хувь хүний хөгжил, урлаг, түүх, кино, байгаль, амьтны ертөнц, эрүүл мэнд гээд цааш хөврөх олон сэдвээр, хүсч л байвал бүх л мэдээлэл интернэтэд үнэ төлбөргүй, олон сонголттойгоор байдаг болжээ. Тиймээс, хажуу дахь хүнийхээ өөрийнх нь сонирхдоггүй сэдвээр ярьж байгаа яриаг сонсохоос илүүтэйгээр, интернэтээс өөрийн сонирхдог зүйлсийг үздэг, сонсдог, уншдаг болсон юм шиг.
Тэгэхээр яахав, хүн өөрийнх нь ярихыг сонсох сонирхолтой хэн нэгнийг олж ярихыг хүснэ. Өөрийгөө илэрхийлэхийг хүснэ. Бусадтай хуваалцахыг хүснэ. Өөрийнх нь ярих зүйлийг сонирхон сонсох хүн дэргэд нь биш, интернэт орчинд бий болжээ. Дэргэд нь суугаа хүн өөрт хэрэгтэй, өөрийгөө зугаацуулах зүйлийг үзээд завгүй."
Хоёрдугаарт,
Яалт ч үгүй техник технологийн дэвшил бидний амьдралын нэг хэсэг болсон учраас, хэн ч гар утас, компьютераа ашиглаад видео, влог, блог гэх зэрэг зүйлсийг хийх дэд бүтцийн боломж нь бүрджээ.
Гуравдугаарт,
Сайн хийж чадвал, түүнийгээ ажил мэргэжил болгоод, санхүүгийн эх үүсвэр болох боломж нь бүртдэж, улам хөгжсөөр буй.
Тэгээд, заримдаа энэ олон мэдээллийг уншаад, сонсоод, үзээд байхад дунд нь бүр эсрэг тэсрэг үзэл хандлагуудыг санал болгох нь бий.
Тухайлбал,
Нэг нь илжиртлээ унт гэх, нөгөө нь өглөөний хүн бол гэх. Нэг нь эд зүйлсийг эдэлж хэрэглэ гэх, нөгөө нь эд зүйлсийг явуул гэх. Нэг нь тоомжиргүй амьдар гэх, нөгөө нь тэнцвэр чухал, бүхнийг хяналтандаа байлга гэх.
Аль нь зөв юм бэ, аль нь үнэн юм бэ? Магадгүй тэдгээр мэдээлэл тохирсон хүндээ бүгд л зөв байх, үнэн байх. Харин танд тохирох уу? Надад тохирох уу? гэдгийг бид бодолцон тэдгээр мэдээллээс нөлөөллийг авах ёстой юм шиг. Магадгүй чамд, надад тохирох өөр жор бий ч байж мэднэ. Тэгэхээр аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандах нь чухал юм.
Comments
Post a Comment