Сайтар эргэцүүл - Айн Рэнд
Орост төрсөн ч хамтач сурталт нийгмээс зугтаж Америк руу цагаачлан амьдарсан зохиолч эмэгтэй Айн Рендийн бичсэн Сайтар эргэцүүл /Think twice/ гэх жүжгийн зохиолыг хайн хайн олж унших болсон шалтгаан нь "амиа хичээгч" болон "бусдын төлөө өөрийгөө золиослогч" -ын мөн чанарыг таних хүсэлтэй минь холбоотой байсан юм.
Дүрүүд:
Бусдын төлөө өөрийгөө огоорох үзлээр амьдрагч Брекенриж болон амиа хичээх үзлээр амьдрагч Ингальс гэх 2 гол дүрийг онцлон нэрлэх нь зүйтэй байх.
Билли- Брекенрижийн өргөж авсан саа өвчтэй 15 настай хүү.
Адрин- Нэрд гарч буй залуу жүжигчин бүсгүй. Брекенриж түүнд зориулж театр барьж өгсөн бөгөөд Брекенрижийн үзэл сурталд л нийцсэн жүжгүүд тайзнаа тоглогддог.
Флеминг- Биллигийн төрсөн эцэг.
Тони: Брекенрижийн тэтгэлгийг хүртэж, анагаахын ухаанд суралцаж буй хүү. Хэдийгээр Тони төгөлдөр хуурч болохыг хүсдэг байсан ч, Брекенриж түүний төгөлдөр хуурч болох хүслийг хувиа хичээсэн сонголт гэж үзэн, эмч болж олон хүнд туслах учиртай хэмээн үзжээ.
Хэлэн: Брекенрижийн эхнэр.
Бусдын төлөө өөрийгөө огоорон амьдрах Брекенриж алуулсаны дараа түүний тусыг хүртэгчид уй гашуу болон харуусах ёстой байтал эсрэгээрээ баярладаг. Яагаад тэр юм бол ?
Онцлох ишлэлүүд:
- Адрин: Амьсгалах ч гэсэн амиа бодсон хэрэг, тийм биз? Чи хүний өмнөөс биш зөвхөн өөрийнхөө л өмнөөс амьсгалдаг.
- Адрин: Хүн төрөлхтөний төлөө тэгж их санаа зовдог хүмүүс яагаад хэнийг ч үл хайхардаг юм бол гэж бодогдсон.
- Адрин: Эрх чөлөөг минь өг. Алдаа хийх эрх чөлөө. Бүтэлгүйтэх. Ганцаараа байх. Ялзрах. Хувиа хичээх. Гэхдээ чөлөөтэй байх эрх чөлөө.
- Билли: Аяга ус уумаар байна - өөрөө. Ам минь цангалаа гэж хэнд ч хэлэхгүй, өөрөө гал зуухны өрөө орж цоргоо нээж, аяганд ус хийгээд уумаар байна. Хэн ч хэрэггүй, хэнд ч талархахгүй, хэнийг ч гуйхгүй, уух.
- Ингальс: Билл- оюун ухаанаа чөлөөл, өөрийнхөөрөө байлга. Хэнээр ч битгий туслуул-сэтгэл дотроо. Юу бодож сэтгэхээ хэнээр ч битгий заалга. Юуг мэдрэхээ хэнээр ч битгий заалга. Тэднийг сэтгэл зүрхийг чинь энэ түрдэг сандал дээр суулгахыг битгий зөвшөөр. Ингэж чадвал тэд яаж ч байсан чи зүгээр байх болно.
- Флеминг: Хэрэв чи хүнийг бүр мөсөн дуусгамаар байвал, түүнээс бүх дарамтыг нь, бас бүх зорилгыг нь булаагаад авчих.
- Тони: Хэрвээ та хүмүүсийг өөрөөсөө хамааралтай байлгахыг хүсвэл, тэднийг битгий жаргалтай байлга. Жаргалтай хүмүүс эрх чөлөөтэй байдаг юм.
- Тони: Эелдэг зан, найрсаг байдал гэж ямар аймар аюултай зэвсэг болохыг та мэдэхгүй байна. Дайсан чинь таны эсрэг босвол та эсэргүүцэн тэмцэж чадна. Харин найзынхаа, даруухан, эелдэг, инээмсгэлсэн дүр төрхийн эсрэг босвол хүний тус мэддэггүй амьтан гэж санана.
- Хэлэн; Амьдралд минь надад юу ч төлөвлөхийг зөвшөөрдөггүй байсан.
- Ингальс: Бид юмсыг ойлгохоо байхаараа алдаа хийдэг.
- Ингальс: Би хүмүүст эрх чөлөө өгч байна. Зовж зүдрэх эрх чөлөө, Тэмцэх эрх чөлөө, Үзээд алдах эрх чөлөө, Гол нь эрх чөлөө.
Номын үргэлжлэл хэсэгт өөр зохиолуудад гардаг зарим хэсгүүдийг оруулсан байдаг бөгөөд онцлох хэсгүүдэд маань:
Магтуу туужын;
- Би бол бусад хүний зорилгодоо хүрэхийн тулд ашигладаг хэрэгсэл биш. Би хэн нэгний багаж биш, тэдний хэрэгцээг хангаж байдаг зарц биш, тэдний шархаа боодог боолт нь биш. Би тэдний шүтээндээ өргөдөг тахилын ямаа биш... Би бол хүн. Өөрийнхөө хүн гэсэн гайхамшгийг зөвхөн би өөрөө л харж, хамгаална, зөвхөн би ашиглана, зөвхөн би өмнө нь өвдөг сөгдөнө. Би өөрийн үнэт зүйлсээ бусдад өгөхгүй, хуваалцахгүй. Сэтгэл оюуны минь сайн сайхныг зоосон мөнгө болгож, ядмаг нэгэн сэтгэл-оюунд зориулсан өглөг болгож хийсгэхийг зөвшөөрөхгүй. Би өөрийн үнэт зүйлс болсон бодол санаа, хүсэл эрмэлзэл, эрх чөлөөгөө хамгаалж, асран тордоно. Эдгээрээс хамгийн аугаа нь миний эрх чөлөө.
- Би зэрэгцэн амьдарч буй хүмүүстээ ямар ч өргүй, мөн тэд ч надад өргүй. Би хэнийг ч миний төлөө амьдарч өгөөч гэж гуйхгүй, мөн би өөрөө хэний ч төлөө амьдрахгүй. Хэний ч сэтгэл зүрхийг эзлэх гэж шунахгүй мөн бусдад ч эзлэгдэхгүй. Би тэдний дайсан ч биш, анд нөхөр ч биш. Тэд ч гэсэн надтай адил байх эрхтэй. Миний хайр энэрлийг хүртэхийн тулд тэр хүмүүс энэ дэлхий дээр байгалийн жамаараа зүгээр нэг мэндэлсэн байх ёсгүй. Би хайр энэрлээ шалтгаангүйгээр хэнд ч өгөхгүй. Үүнийг зүгээр нэхсэн нэгэнд нь өгчихдөг юм биш. Би хайр энэрлээрээ хүмүүст хүндэтгэл үзүүлдэг. Тэгэхээр хүмүүс нэгнийхээ хүндэтгэлийг хүлээхийн тулд зохих ёсны юм хийсэн байх ёстой...
- Би боол ч биш эзэн ч биш, найз нөхдөө хүмүүс дотроос сонгох болно. Би таалагдсанаа сонгож, тэднийг хайрлан хүндэтгэнэ. гэхдээ тэдэнд тушаахгүй, тэднээс тушаал заавар ч авахгүй. Хүссэн үедээ хамт байж, хүссэн үедээ тусдаа байцгаана. Сэтгэл зүрхнийхээ гүнд хүн бүр ганцаар байдаг юм. Хүн бүрд байдаг тэр гүнд хэн ч хүрч, бохирдуулж болохгүй. Хүн хүсвэл энэ ариун газраа өөр хүнд эзэмдүүлэхгүйгээр бусадтай нийлж болно...
- Бүх хүний тэр ч бүү хэл, бүр бохир заваан нэгний гар хүртэл хүрч самраад байх юм бол миний сэтгэлийн баяр хөөр юу болох юм бэ? Захын тэнэг нь хүртэл захирч тушаагаад байх юм бол ухаантай байхын хэрэг байна уу? Амьтай бүхэн тэр ч байтугай хамгийн адгийн тэнэг нь хүртэл намайг мэдтүгэй.
Comments
Post a Comment