Филиппиний аялалын ард
1. Замын зардлын хувьд хямд бөгөөд зарцуулах хугацааны хувьд харьцангуй богино байдаг.
2. Солонгост ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн орлого болон Монголд жирийн нэг оффисын байна уу, үйлчилгээний салбарт ажиллаад олдог орлогын ялгаатай байдал юм. Юу гэсэн үг вэ гэхээр Солонгост байгаа хүмүүсийн хувьд санхүүгийн хувьд харьцангуй боломжтой юм. Гэхдээ энэ нь Монголд ажиллаад, аялах боломжгүй гэсэн үг биш шүү.
Би 9 сард Монгол руу бүр мөсөн буцах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд буцахаасаа өмнө амжуулаад аялах юмсан гэж зорьсон 4 улсын нэг нь Филлипин улс байсан юм.
Ер нь бол би аялаад явж байх санхүүгийн болоод сэтгэл зүйн таатай нөхцөл байдалд байгаагүй ч аялчихаад ирсэн. Тодруулбал, аялахаар онгоцны тасалбараа захиалсны дараа би санхүүгийн хүндрэлтэй тулгарсан. Тэгээд явах уу, байх уу гэж маш их эргэлзсэн. Эргэлзсээр байгаад л явах өдөр тулж, эргэлзсэн хэвээр онгоцондоо суугаад аялалдаа гарсан.
Филлипин улсын талаар миний төсөөлөл, за ЗӨА-ын бусад улсуудтай л ижил байх байлгүй дээ гэж бодтол, их өөр нөхцөл байдал хүлээн авсан. Онгоцны буудлаас буунгуутаа дататай сим карт авчина даа, бараг л онгоцны буудалтайгаа ойрхон буудал захиалчихсан юм чинь мөнгөө хэмнээд maps.me хараад л буудалдаа хүрчихнэ дээ, буудлынхаа ойролцоох гудманд очоод хоол идчихнэ дээ гэх зэргээр төлөвлөж байтал, бодит байдал маш өөр байлаа.
Зочид буудал маань онгоцны буудлаас нилээд зайтай бөгөөд гудамжууд нь маш харанхуй, бартаатай, ойлгомжгүй, захиалсан буудал маань харьцангуй үнэтэй хирнээ маш тухгүй, заваан, хангамж муутай, буудлын хүн хүртэл хэл сайн ойлголцохгүйг далимдуулаад ашиглачих санаа гаргаад, ойр орчимд үйлчилгээний ямар ч газрууд байхгүй, хоол ч олж идэж чадалгүй хоночоод маргааш өглөө нь Филлипин дэхь гол чиглэл болох Боракай арал руу хөдөлсөн дөө.
Боракай дахь эхний сэтгэгдэл ч тийм сайн байгаагүй бөгөөд эхний нэг, хоёр өдөр ч тийм сайн өнгөрөөгүй. Бүр буцах билет хүртэл харсан шүү. Хэрэв хямд билет байсан бол буцчихмаар санагдаж байлаа.
Энэ бүх сөрөг сэтгэгдэл Филлипинд биш надад байсныг би ойлгосон л доо. Би маш их ядарсан байсан, биений юм ирэх дөхсөн байсан, шинэ газрын учрыг нь олж зохицох гэж хичээгээгүй байсан, ардаа олон асуудлуудыг үлдээсэн байсан гэх мэт.
Гэлээ ч, энэ аялалын зам миний хувьд сайхан дурсамжууд, шинэ сургамжуудыг надад үлдээсэн болохоор би замд гарсандаа баяртай байна.
Мэдээж би Боракай арлын нар үзэсгэлэнтэйгээр жаргаж буй мөч, хөл дор юунаас ч зөөлхөн мэдрэгдэх далайн эргийн цагаан элс, өглөөнөөс орой хүртэлх нарны тусгалд хувиран харагдах далайн өнгө, халуун нар дээрээс төөнөж байсан ч далайн түрлэг хөлд хүрэхэд сэрүү татах мэдрэмж тэр бүгд дэндүү сайхнаар дурсагдах авч тэрнээс ч илүүтэйгээр замд уулзаж учирсан хүмүүс, тодруулбал,
* Калибуд хоноглосон буудлын ажилтан эмэгтэй: зурагтны дуугаа маш чанга тавиад үүдний хэсэгтээ сууж байдаг том алаг нүдтэй, хааяа нэг цайлган төрхөөр инээмсэглэх төрх. Урд шөнө нь хэл мэдэхгүйг далимдуулан хэдэн писо илүү салгачих санаархалтай байсан ч, явахаас өмнө маань хамтдаа зургаа авхуулъя гэж гуйсан нь .. Тэр хүний амьдрал тэр хэвээр үргэлжлэх ч миний дурсамжийн нэг хэсэг болон үлдсэн нь ...
* Боракайд буудалласан Chillax хостелийн өвгөн ажилтан. Годгор нарийхан саарал үстэй, ёрзгор шорзгор шүдтэй, туранхай өвгөн ажилтны инээмсгэлэн мэдчилэх төрх бас л миний дурсамжийн нэг хэсэг болох ...
* Нэг өрөөнд буудалласан хүмүүс. Анх өрөөнд ороход байрлаж байсан аав, ээж, охин гурав. Тэд гэр бүлээрээ аялаж яваа нутгийн иргэд байсан. Hemlet diving, Scuba diving хийж үзсэн сонин сайхнаа хуваалцан ярих нь ... Тэднийг явсаны дараа Марк гэх чимээгүй, ганцаараа байх дуртай Украйн залуу, Шон гэх дураараа, дуу чимээтэй, хөгжилтэй, найрсаг Филлипин хүү, болоочгүй их жентелмен ккк ..., хаанахыг нь мэдэхгүй ч их л алкохолны хэрэглээтэй өвөө, хамтдаа аялж буй хятад ах дүү хоёр гэх мэтчилэн ... Бас л миний дурсамжийн нэг хэсэг. Тэд бүгдээрээ маш их өөр.
* Далайн эргээр үйлчилгээгээ санал болгон яриа өдөх нутгийн иргэд...
Тэдний нэг нь намайг далайд нар жаргах усан онгоцны аялалдаа үнэгүй авч явсан шүү ккк ... Юм худалдан явж байсан залуу ажлаа солиод, нар жаргах үеэр миний зургийг дарж өгсөн бас ... Үнэгүй биш ч гэсэн бас тийм үнэтэй байгаагүй.
Тэд хамгийн онцгой байсан мэт. Үргэлж л тийм байдаг даа.
Аялах сайхан шүү.
Comments
Post a Comment