Хүслийн тухай эргэцүүлэл

Сүүлд уншаад таалагдсан нэг ном бол Непкогоос эрхлэн гаргасан Айн Рендийн "Өөрийгөө бодох нь ариун үйлс" гэдэг ном юм. Тэр номон дээрх нэг нийтлэлийг уншаад, хүсэл бүр зөв зүйл, сайн зүйл байдаггүйн тухай, бид оюун ухаант хүн гэгддэгийн хувьд ашигтай бөгөөд хор уршигтайн хооронд хүслээ ялгаж салгаж түүнийг гүйцэлдүүлэх эсвэл тэвчээд өнгөрүүлэх сонголтыг хийх ёстойн тухай ойлголт байв. Хэдийгээр энгийн ойлголт мэт боловч, би л хувьдаа хүсэл гэдэг үгийн ард зөвхөн гоё, сайхан, гэгээлэг зүйлийг л хамруулан ойлгож, хүсэл бүрээ аль болох гүйцэлдүүлэхийг эрмэлзэх ёстой мэтээр боддог байлаа. Гэвч бид өөрсдөд төрөх хүсэл гэгч зүйлийг зөв эсвэл буруу болохыг ухамсарт байдлаар ялгаж салгах ёстой зүйл болж таарав. 

Хамгийн энгийн бөгөөд ойлгомжтой жишээг дурьдвал, бид хийжүүлсэн ундаа уух хүсэл төрлөө гэхэд биед ашиг тустай эсвэл хор уршигтай байх талыг бодолцож уух уу, эсвэл татгалзах уу гэдгээ сонгох ёстой гэсэн үг юм. Тодруулбал, хийжүүлсэн ундаа уух хүсэл төрлөө гээд заавал уух ёстой биш гэсэн үг юм. 

Нөгөөтэйгүүр хүсэл бол маш чухал бөгөөд эмзэг зүйл.

Яагаад чухал вэ гэхээр хүсэл байж гэмээнэ бид үйлдэл хийдэг. Хэдийгээр идэх, уухын тухайд физиолгогийн хэрэгцээ, шаардлага гэж харж болохоор боловч эдгээрийн ард ч хүсэл яригдах боломжтой. Тэр бол амьдрах хүсэл. Харин яагаад эмзэг байдаг вэ гэхээр, зарим хүсэл бидний зүрх сэтгэлтэй холбоотой байдаг.  Ямар ч бодит шалгаангүйгээр бид зарим зүйлийг хүсдэг.

Үйлдэл бүрийн ард хүсэл байдаг бол үйлдэхгүй байгаагийн ард хүсэл үгүй гэж ойлгож болмоор. Гэвч, дээр дурьдсан хийжүүлсэн ундааны жишээн дээр дахин авч үзвэл, хэн нэгэн тэр ундааг уухгүй байна гэдэг нь гагцхүү хийжүүлсэн ундаа уухыг хүсээгүйд биш, ухамсарт сонголт хийснийх ч байж мэднэ. 

Энэ гаргалгааг мэдэж байвал, өдөр тутмын амьдралдаа тэгсэнгүй, ингэсэнгүй гэж хэн нэгэндээ гомдоллох, цаашлаад гомдох тохиолдлууд цөөрөх мэт. Яагаад гэвэл бид ихэнхидээ хэн нэгний эс үйлдлийг хүсэл үгүйтэй холбон ойлгодог. Гэтэл нөгөө хүн нь адилхан хүсч байсан ч ухамсарт сонголтоо хийснийх ч байж мэднэ. Тиймээс бусдын хүсэлд халдалгүй, өөрийн хүслээ л зөв, буруу эсэхийг тодорхойлж, хүслээ биелүүлэх, эсвэл орхихооо өөрөө мэдэж байх хэрэгтэй санагдана.


Comments

Popular posts from this blog

Миний амьдралын үнэт зүйл, зарчим

Сул талын давуу тал

Түүх яагаад бидний амьдралд чухал вэ?