Монголдоо нүүж ирлээ ...

Солонгос улсад 4 жил сурч, ажиллаж, амьдарсаны эцэст эх орондоо, гэртээ ирлээ. Ирэх зам их урт байлаа. Учир нь 2/29-нд ирэхээр байсан боловч Монгол улс Солонгос улстай агаарын хилээ хаасны улмаас хэзээ явахаа ч мэдэхгүй хүлээлтийн байдалтай 2 долоо хоног өнгөрүүлсний эцэст 3/15-ны тусгай үүргийн онгоцонд суух боломж ашгүй нэг гарч, эх орондоо ирээд 3 долоо хоногийг ажиглалтын байранд өнгөрүүлж, гэртээ гараад 14 хоног гэрийн дэглэм гэгчийг мөрдөж, энгийн амьдралын хэмнэлдээ арай гэж ороод буй минь энэ юм. 

Эх орондоо ирээд төрсөн сэтгэгдлээ энд хуваалцъя. 

1. Монголчууд бид бүгдээрээ ах дүүс. Бид бие биенийгээ танихгүй байсан ч ахаа, эгчээ, миний дүү гэж харьцдаг. Хичнээн дотно бөгөөд сайхан санагдсан гээч. Бид Дорнын соёл, Өрнийн соёл гэж 2 хуваагаад л их ярьдаг. Гэвч эдгээрийн алинд ч багтахааргүй өөр нэг соёл нь Монгол соёл ч юм шиг. Үүнийгээ алдахгүй, хадгалан үлдэх юмсан. 

2. Ажиглалтын байраны өрөөндөө ортол, халуун савтай сүүтэй цай угтсан. Ямар сайхан юм бэ, эх орондоо тавтай морил, сайн яваад ирсэн үү гээд хэн нэгэн мэндчилээд ч байгаа юм шиг, сайхан зочлох ёс Монголд минь л байдаг юм байна гээд хичнээн их баярласан гээч. Хэд хоногийн дараа, Монос компаниас маск, дархлаа дэмжих бэлдмэл, зөөлрүүлсэн ус, гарын ариутгагч шингэн, болоо ч үгүй хажууд нь биеэ бодоод, хүчтэй байгаарай гэсэн зурвасыг багтаасан бэлгийг хүн бүрт өгч байлаа. Тэгээд, эх орондоо ирээд эрхлээд ч байгаа юм шиг санагдаж, өөр хэн ч бидэнд ингэж хандахгүй дээ гэж бодохоор, эх орондоо байх хичнээн сайхан юм бэ гэж бодогдоно. 

3. Монголын үнэртэй салхи гэдэг шиг, яалт ч үгүй, нарны илч нь хүртэл, салхи нь хүртэл биднийг хайрлаад байгаа ч юм шиг. Алтан шаргал наран, хөвөн цагаан үүл, хөх мөнх тэнгэр, гялалзан харагдах одод, сэвэлзэн үлээх салхи, хуйлран эргэх шороо, тачигнан жиндүүлэх жавар нь хүртэл сэтгэлд хичнээн дотно бөгөөд хайр хүрэм гээч. 

4. Явахдаа байсан аж амьдралдаа би эргэн ирсэн. Гал түлэх, ус авах, шороо тоосоо арчиж цэвэрлэх, гадаах 00 ашиглах гээд энэ бүхэн надад өмнө нь их төвөгтэй, хэцүү санагддаг байж. Тиймдээ ч орон сууцны амьдрал амар сайхан санагддаг байлаа. Солонгос улсад 4 жил аж ахуйн энэ байдлаас хол яваад ирсэний дараа харин ч таалагдаад байх шиг. Гэрийн хаалгаар гараад л өөрийн гэсэн орон зайтай, тайван ахуй. Хөдлөөд л, тордоод л байвал хаана ч байхгүй, сайхан ахуй амьдрал энд л байх шиг. Гэртээ байх их сайхан байна. 

Дэлхийд үүсээд буй энэ нөхцөл байдлаас улбаалаад ч болох нь ээ, дэлхийгээр тарсан Монголчууд маань олноороо эх орондоо ирээсэй, эх орондоо амьдраасай гэж хүснэ. . , 


Comments

Popular posts from this blog

Миний амьдралын үнэт зүйл, зарчим

Сул талын давуу тал

Түүх яагаад бидний амьдралд чухал вэ?