Хэн гэж дуудах вэ
Миний дотны хэдхэн найз охидуудын минь нэг байсан түүний хурим уржигдар болж өнгөрлөө. Байсан гэж өнгөрсөн цаг дээр бичиж байгаа нь надад маш их гунигтай байгаа ч, одоо цагийн дотно нөхөрлөл үгүй нь үнэн учраас яалтай. Мэдээж би түүнийхээ сайхан ханьтай учирч, сайхан гэр бүл, амьдралаа цогцлоож буйд нь чин сэтгэлээсээ баяртай байгаа бөгөөд уртаас урт аз жаргалтай, бүтэн амьдралыг туулаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Атаархах, барьцах мэдрэмж хумсын төдий ч төрөхгүй, аз жаргалтай байгааг нь хараад өмнөөс нь баярлаж, гуниглаж байгааг нь хараад яг л түүн шиг мэдэрч байгаа өөрийнхөө сэтгэлийг ажсан хирнээ "Миний найз", "Найз минь" гэж итгэл төгс хэлж чадахгүй, хэн гэж дуудах вэ, хэн гэж хэлэх вэ, хэн гэж бичих вэ гэж гэж дотроо эргэлзэнэ. Нэг тийм юу ч гэмээр юм бэ дээ, сонин мэдрэмж зэрэгцэн төрнө... Гунигтай гэхээр хөнгөдөөд, харуусч байна гэхээр хүнддээд байх юм.
Тэр миний ангийн найз мөн, бас биш.
Тэр миний багын найз мөн, бас биш.
Тэр миний найз мөн, бас биш.
Тэгэхээр би хэн гэж түүнийг дуудах вэ ... Миний найз гэж өмчлөх эрх үгүй биш үү...
Түүний хуримын гэрчүүд үнэхээр хөөрхөн, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд болжээ. Гэхдээ би тэдний нэг нь байж болох л байсан гэж бодохоор... бас л их гунигтай... Би түүний хувьд энэ хэмжээний байр суурийг эзлэх, бас эзлэх ёсгүй нэгэн. Түүнд ч, бас өөртөө ч гомдохгүй байна.. Гэхдээ л их сонин мэдрэмж байлаа. Чухал бас чухал биш байх мэдрэмж...
Түүний нэг найз гэх миний танихгүй бүсгүй тайзан дээр гарч өөрсдийн түүхээс хуваалцаж, ерөөл дэвшүүллээ. Бидний хамтдаа туулсан дурсамж хичнээн их билээ. Магадгүй би түүний мэддэгээс ч илүүг мэдэх биш гэж үү. Түүний хүсэн ерөөж буйгаас ч илүүг би түүнд хүсэж бас ерөөж байгаа биш бил үү. Гэхдээ би тайзан дээр гарч, түүн шиг хундага барин зогсох эрхтэй нэгэн биш болж. Энэ нь магдагүй миний, бидний нөхөрлөлөө авч үлдэж чадаагүйн шийтгэл гэлтэй...
Түүний найзууд тайзан дээр мэндчилгээ дэвшүүлэн бүжиж байна. Тийм зүрх зориг, авьяас билиг үгүй ч ... Хэрвээ би, бид одоо ч итгэлтэйгээр "Найз минь" гэж хэлж чадах байсан бол хуримын мэндчилгээ, гэнэтийн бэлэг гэхчлэн олон зүйлсийг хөгжилтэй нь аргагүй зэхэх байсан биш гэж үү...
Харц тулгарах эхний мөчид өмөрсөн, эрхэлсэн тэр харцанд чинь баярлалаа. Дотны минь найз байсан шүү гэдгийг илтгэх тэр харц хайр татам байсан.
Гэхдээ зүгээр ээ, ийм болсонд би ч, чи ч.. өөр хэн ч буруугүй.
Миний мэдрэх л ёстой байсан сэтгэлийн олон өнгөний нэг бололтой.
Алсаас чамдаа аз жаргал, сайн сайхныг хүсэн явах болно оо.
Олон хүний амьдралд бадамлах гэрэл нь болж яваарай, чи минь!
Comments
Post a Comment