1 дэх өдөр

Дахиад таван минут ч болов орондоо хэвтмээр хорогдсон мэдрэмжтэй өглөөг угтаж, орноос өндийлөө. Ажлын ярилцлага товлочихсон тул яалт ч үгүй эртлэн гэрээс гарав. Дурлаж хийхийг хүссэн ажил биш ч тухтай ажиллаж болмоор хэд хэдэн сайн талууд байсан тул хүсэлтээ гаргасан юм л даа. Ярилцлагаа дуусгаж гарч ирээд цонхоор харан суух боломжтой газар орж өглөөний кофе уухыг хүслээ. Толгойд хэд хэдэн кофены газар сонголтонд орж ирсэн ч их дэлгүүрийн урд байрлах Coffee fellows -руу алхав. Feel at home гэх ханан дээрээ бичсэн үг нь тухтай буйдан сандал, цонхоор тусах нар, амттай кофетой нийлээд улам тухтай мэдрэмж төрүүлсэнд зөв газраа сонгожээ гэж сэтгэл баясав. Хар кофег гэртээ ч уучих тул сайхан халуун кафе латте захиалж уулаа. Цонхоор цирк харагдана. Циркийн барилга цирк хэвээр байсан бол сайнсан гэж бодсоноо, цирк цирк хэвээр байсан ч хүний урманд нэг удаа орж тоглолт үзэх байсан болов уу даа чи гэж өөрөөсөө асууснаа, тэр даруй хэдийгээр чи үзэгч биш байлаа ч авьяаслаг, циркэдээ хайртай мэргэжлийн хүмүүс хохирч байгаа шд гэж бодсоноор "Цирк цирк хэвээр байсан ч болоосой" гэх хүслээ хамгаалж үлдлээ. Цонхоор харангаа энэ мэт элдэв зүйлсийг эргэцүүлэн, кофегоо уулаа. Тэгээд ариун цэврийн өрөө орох гэтэл хүнтэй байсан тул гарахыг нь хүлээх зууртаа номын тавиур дээрээс нь санамсаргүй нэг уншууртай сайхан сэтгүүл байхыг оллоо. Эхнээс нь хуудас хуудсаар нь эргүүлж, сонирхол, хүсэл татсан нийтлэлүүдийг тухтай гэгч нь уншив. Таны хамгийн үнэтэй хөрөнгө юу вэ? гэж хэдэн хүнээс асууж хариултыг нь нийтэлсэн байснаас "аавын минь өмсдөг байсан элэгдэж хуучирсан ноосон малгай" гэж хариулсан нь сэтгэлийг минь хөдөлгөлөө. Миний хувьд юу юм бол... магадгүй аавын минь өмсдөг байсан дөрвөлжин шоотой цамц байж мэднэ. Надад одоо ч байдаг юм. Тэр цамц аавынх гэдгээс гадна хэдийгээр хуучирч зах нь сэмэрхий болсон хэдий ч тухтай, дотно мэдрэмжийг өгөх бөгөөд юугаараа ч юм надтай нэг л төстэй санадагддаг юм. Цааш үргэлжлүүлэн "Өө сэвд ч үзэсгэлэн бий" гэх гарчигтай, залуу байхдаа загвар өмсөгч байсан зохиолч эмэгтэйн бичсэн нийтлэл сонирхол татан уншлаа. Түүний "Бүгдийн мөрөөсөл болсон оргил дээр ганцаар зогсож байх ахуйдаа байдаг хүчээ шавхан мацсаны шагнал нь бүхнийг дээрээс тольдох гэж итгэдэг байв. Мэдээж бүхнийг дээрээс тольдох гайхам байлгүй яахав. Гэхдээ оргил дээр зогсоход салхинд цохиулж, ганцаардах нь олон." гэж бичсэнийг сонгон энд хуваалцмаар санагдлаа. Сэтгүүл гэдэг цаг хугацааны хувьд хэзээ ч уншсан хуучирхааргүй агуулгыг багтаасан байдгаараа үнэ цэнэтэй юм даа. Цааш үргэлжлүүлэн алдартай нэгэн зураачын ярилцлагыг уншлаа. Тэрээр "Тухайн үед би өөрийн үзэж, харж буй ертөнцөө л зурдаг байсан, учир нь тэдгээр байшингууд, үлгэр домгууд, хүмүүс л миний мэддэг бүх зүйл байлаа. Гэхдээ тэр л ертөнц өдийг хүртэл миний уран бүтээлийн ундарга болсоор байна." хэмээснийг уншаад урам зориг авлаа. Ийнхүү зохиолч, уран зураач хүмүүсийн ертөнцөөр аялсан нь нүдийг минь нээх шиг боллоо. Амьдралын жинлүүр минь материаллаг амьдралын асуудлууд руу хэтэрхий хэлбийсэн байсныг анзаарч, өөрийн асуудлыг олж харлаа. Иймээс кофены газраас гарч "Амар аясгалан" уран зургийн үзэсгэлэн үзэхээр СТӨ рүү явав. Замаараа алт, мөнгөний дархан орж тасарсан гинжээ гагнуулаад, subway орж сэндвич идэж авлаа. Тэгээд тухтай гэгч нь уран зургийн үзэсгэлэнгээ үзлээ. Зураач Ү.Ядамсүрэнгуайн уран бүтээлээс гадна зарим хэсгүүдэд өөр зураачдын бүтээлийг бас дэлгэсэн байсныг бүгдийг нь үзлээ. Зураач бүр өөр өөрийн гэсэн зурах арга барилтай төдийгүй сэдвийн хувьд ч уран бүтээлчийн өөрийн сонголт, сонирхол байдаг нь илт. Ядамсүрэн гуайн хувьд төрийн захиалгат бүтээл олныг бүтээсэн санагдав. Тухайн үеийн нийгмийн зүтгэлтэнүүд, хувцас, эд хэрэглэлийг их зурдаг байж. Түүний бүтээл дундаас надад мэдээж алдартай бүтээл нь болох "Өвгөн хуурч"-аас гадна "Наадам", "Сүхбаатар", "Өвөлжөө" зургууд нь нүд болон сэтгэлийг минь ихэд татав. Тэрээр угалзарсан дүрс, хээг зурагтаа илүүтэй ашиглахаас гадна олон зурган дээрээ нар болон сарыг хамтад нь зурсан нь сонирхолтой байв. Бусад зураачийн цөөн хэдэн бүтээлийг үзсэнээс, 10 жилийн хугацааг зарцуулж бүтээсэн О.Цэвэгжав гуайн "Азарганы ноцолдоон", Д.Амгалан гуайн "Улаанбаатарын өглөө", "Хөл нь дөрөөнд", "Баян хараацай", "Хүн төрлөө" бүтээлүүд, Л.Гаваа гуайн "Залхуу хоёр", "Харгислал" зургууд онцгой санагдлаа. 

Ийнхүү урлаг, уран сайхнаар сэтгэлээ баясгаж, урам зориг авсан би чинь өдөр бүр бичих сорилтыг өөртөө тавиад ийнхүү эхлүүлж буй нь энэ билээ. 



Comments

Popular posts from this blog

Миний амьдралын үнэт зүйл, зарчим

Сул талын давуу тал

Дүүдээ илгээх миний захидал