3 дахь өдөр

Уншиж дуусгаагүй сэтгүүл маань намайг Coffee fellows руу дуудаад байсан боловч өнөөдөрийг ч бас нозоорч өнгөрүүлэх дөхлөө. Хэн нэгний өмнө хариуцлага хүлээгээгүй урсгалаараа өнгөрөх эдгээр өдрүүдэд амжаад жаргах л хэрэгтэй гэж бодно. Гэвч өөрөөсөө ямар нэгэн үр бүтээл, өсөлт дэвшилийг нэхэж зовооно. 

Гарах хэрэгтэй, урагш алхах хэрэгтэй, явах хэрэгтэй. Арьс хуурайшиж, үс тослогтсон мэдрэгдэнэ. Гэртээ байхдаа өөрийгөө арчилдаггүйн үр дүн юм даа. Ямар ч байсан эхлээд усанд орчих гэж өөртөө тушаана. Усанд орчихлоо. Гарах гэсээр цаг 11.30 болсон байна. За яахав, ямартаа ч явсан нь дээр. 

Нартай, дулаахан өдөр. Pumpkin spice latte захиаллаа. Өнөөдөр Халловины баярын өдөр юм. Үйлчилгээний газрууд  хэд хоногийн өмнөөс л Халловины өмсгөл зүүсгэлээрээ гоёсон буй. Улирал бүрийн онцлогт тохирсон шинэ мэнюг турших дуртай. Захиалсан кофе маань үзэмж төгөлдөрөөс гадна амттай байлаа. 

Уржигдар суусан суудал маань хүнгүй байгаасай гэж бодож орж иртэл хүнтэй байлаа. Төд удалгүй өнөөх хүн гараад явсанд их нүүдэл хийж хүссэн суудалдаа тухлаж авлаа. Урин дуудаад байсан өнөөх сэтгүүлээ ч үргэлжлүүлэн уншихаар номын тавиураас авлаа. 

Улаанбаатар хотын бохирдлын талаарх нэгэн нийтлэлийг уншив. Агаарын бохирдол, дуу чимээний бохирдол, хэтэрхий шахуу шинээр баригдах барилгуудаас болж Улаанбаатарчууд бид хохирч буй тухай бичжээ. Одоохондоо дуу чимээний бохирдлын тухай ойлгож, ойлголоо гэхэд асуудал гэж харах нийтийн болоод улс удирдагч нарын хандлага төлөвшихөд хугацаа орох л байх даа. Улаанбаатар хотод аж төрж буйн хувьд нийгмийн эдгээр асуудлуудын нэгэн хохирогч ч би мөн билээ. 

Мөн "Дэлхий аюулгүй болох цагт бидний өмсөх хувцасууд" гарчигтай нийтлэлийг уншив. Хүүхэд байхдаа гал түймэрт өртөж шархтсаны улмаас гуяны арьснаасаа авч мөрнийхөө арьсыг нөхсөн том сорвитой эмэгтэйн түүх, тод өнгөтэй хувцсанд дуртай ч хүүхэд шиг хувцаслалаа гэж ойр тойрны хүмүүсээрээ шүүмжлүүлдэг хүү, халимаг засалтаар үсээ засуулж, дуртай хувцсаа өмсөн өөртөө итгэлтэй болсон өөрчлөлтийг нь дагаад ажлын газрын бэлгийн дарамтад орж, хов живийн бай болсон эмэгтэйн түүх гээд хэд хэдэн хүмүүсийн өөр өөр түүхийг уншив. Надад ч гэсэн энэ тал дээр ярих түүх бий. Тархи бүрэн хөгжиж гүйцээгүй насанд бусдаас ирэх шүүмж үг, доромж харц бүхэн дэндүү эмзэг тусдаг. 

Ийнхүү өнөөх сэтгүүлээсээ хүсэл татсан нийтлэлүүдээ уншиж дуусгалаа. 

Цаашид хэрхэх тухай санаашран буй бодлыг минь хэсэг зуур өөр зүгт чиглүүлж, нэг ёсондоо амралт болж байгаа юм л даа. Хэсэг хугацаанд л шүү дээ. Би ер нь хэзээ ийм санаашралаас ангижрах юм бол доо. 


 


 



 


Comments

Popular posts from this blog

Миний амьдралын үнэт зүйл, зарчим

Сул талын давуу тал

Дүүдээ илгээх миний захидал