Гологдчихлоо гэж үү :)
Өнгө өнгийн мэдрэмжийг өгч буй амьдралдаа талархах ёстой ч юм шиг. Ямар нэгэн зүйлд тэнцээгүйгээ мэдэж гологдох мэдрэмж тархины хөгжил гүйцээгүй бага насанд ирсэн бол ямар хэцүү байх байсан бол... Харин одоо бол зүгээр юм шиг байна.
Амьдралдаа анх удаа ийм байдалд орж үзлээ гэх гэтэл.. Хөөе байж байгаарай, өмнө нь чи бас нэг удаа ийм байдалд орж байсан шүү гээд өөр нэгэн тохиолдол санаанд буулаа. Тэр тохиолдлыг би яагаад ч юм гологдсон гэж бодолгүй өнгөрөөсөн байх юм. Солонгост Сэжүн их сургуульд элсэх гэж ямар их хүсч байснаа тод санаж байна. Бүртгүүлэхээр очтол "Монгол оюутан элсүүлэхгүй" гэсэн хариуг авсан юм. Тэр үеийн үйл явдлыг тод санахгүй байгаа ч, сургалтын албаны хүмүүстэй нь очиж уулзаад, гуйгаад, яаж ийж байгаад ярилцлагын шалгалтад орохоор болж байснаа санаж байна. Тэгээд ярилцлагын шалгалтад ороод "불합격" гэсэн хариуг хүлээж авсан юм даа. Харамсахгүйн тулд өөрөөс шалтгаалах бүх зүйлийг хийснээ санаж байна. Сэжүн их сургуульд элссэн Монгол оюутан харлачихсан болохоор би элсэж чадсангүй гэдэг ойлголттой, ой санамжтай үлдчихсэн байж. Гэтэл би нөхцөл байдал тийм байсан ч, хичээсээр байгаад ярилцлагад орохоор болж байснаа саналаа. Харамсалтай нь ТЭНЦЭЭГҮЙ юм байна. Үүнийгээ одоо л ухаарч байвал яах вэ хэхэ... Гэхдээ би харамсдаггүй юм. Хийж чадах бүхнээ хийсэн болохоор.
Харин энэ удаад ажилд тэнцэхгүй, гологдож үзлээ. Их л зүйл бодогдож байна. Нэг ёсондоо халагдаж үзлээ гэх үү дээ. Хачирхалтай юм. Мариа Хатзистефанис "Хүн бүр ядаж нэг удаа халагдаж үзээсэй" гэж боддог тухайгаа номдоо бичсэн байдаг (Миний орчуулж гаргасан ном л доо). Тийм болохоор, нэг талаараа би ийм зүйл тохиолдсонд олзуурхаад байгаа ч юм шиг. Шинэ мэдрэмж, шинэ туршлага, шинэ ухаарлыг өгч байгаа болохоор тэр гэхүү дээ... Нөгөө талаар, миний туулж үзэх ёстой туршлага, мэдэрч үзэх ёстой мэдрэмж байсан юм болов уу. Уг нь би нэлээд урт хугацаанд ажиллах хараатайгаар ажиллаж эхэлж байсан юм. Нэг л өдөр "Бие даагаад компани ч байгуулж чадахаар хэмжээнд энэ байгууллагын бүх зүйлийг мэддэг болсон доо" гээд хажууд томорч байгаа хуучин ажилтных нь оронд би оччихсон байх болно доо гэж дотроо бодож байлаа. Өнөөдөр шинэхэн ажилтан байгаа ч, олон жил ажилласан туршлагатай ажилтнуудынх нь нэг болох өдөр ойрхон доо гэж бодож байсан. Би бүр энэ ажил бүтэлгүйтэх юм бол дахиж өөр ажилд орохгүй ээ гэж сүйт залуудаа хэлж байлаа. Тэгэхээс тэгэх гэсэн юм шиг ийм зүйл тохиолдох гэж... Даанч яав даа гэхгүй юу хэхэ.. Үнэндээ нас нэлээд нэмэгдээд ирэхээр "Шинэ"-ээс илүү "Хуучин" руу тэмүүлдэг болчихдог юм шиг. Сонирхолтой юм. Энэ муу юу, сайн уу гэдгийг хэлж мэдэхгүй юм. Энэ тохиолдол миний бардам сэтгэлийг жаахан дарж өглөө. Бас л сайн эсвэл муу эсэхийг нь хэлж мэдэхгүй юм. Өмнө нь би өөрийгөө хүсэх л юм бол хаана ч, ямар ч ажлыг хурдан сураад сайн ажиллаж чадна гэдэг бардам бодолтой, бас энэ үгийг амнаасаа унагаж ч байсан удаатай. Гэтэл амьдрал намайг чи арай бардам байна гэдгийг мэдрүүлэх гэсэн юм шиг ийм үйл явдлыг надад БЭЛЭГ болгож өглөө.
Би гайхалтай бэлэг аваад гайхширч байгаа хүн шиг л итгэж ядан байна. Үүнийг надад өгч байгаа гэж үү гээд л, ямар гэдгийг нь төсөөлж байгаа биз дээ хэхэ.
Өөрийн зол заяандаа итгэж байна. Намайг зөв зам руу чиглүүлж байгаа гэдэгт. Миний хийх ёстой, байх ёстой өөр газар байгаа болоод л, бас энэ ажлаас мэдэж авсан мэдлэг, мэдээлэл надад хэрэгтэй болоод л... Энэ зам руу оруулаад гаргах шиг.,
ТАЛАРХАЖ БАЙНА АМЬДРАЛ МИНЬ! Цэгүүд холбогдоно гэдэг итгэсээр байгаа шүү :).
Comments
Post a Comment